-Үе үеийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тусгадаг ч өнгөрсөн хугацаанд дорвитой өөрчлөлт гарсангүй. Та Хөрөнгийн биржийн удирдлагаар томилогдсоноосоо хойш ямар үр дүн гаргав?
-Намайг анх энд томилогдож ирэхэд Хөрөнгийн бирж бараг дампуурчихсан байсан. Өдрийн арилжааны дүн маш бага байсан нь хөрөнгө оруулагчид энэ зах зээлд итгэхгүй байгааг харуулсан үзүүлэлт гэж болно. Бараг бүхнийг тэгээс эхэлсэн учир ажил хийхэд надад амар байлаа. Хөрөнгийн зах зээлийн бүтэц иргэд, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байна уу, үгүй юү гэдэг нь хамгийн чухал. Иймд бид энэ зах зээл дэх хөрөнгө оруулагчдын итгэлийг өсгөхийг л зорьсон. Хөрөнгийн бирж үйл ажиллагаагаа сайжруулж, ил тод, хариуцлагатай болсноор хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байна.
-Хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байгааг юунаас харж болох вэ?
-Үүнийг Хөрөнгийн биржийн өдрийн арилжааны дүн өсөж байгаагаас харж болно. Намайг ажил авахад Хөрөнгийн биржийн өдрийн арилжааны дүн дунджаар 6-10 сая төгрөг байсан. Харин одоо хоёр тэрбум төгрөгт хүрчихээд байна.
-Гэхдээ Засгийн газрын үнэт цаасны арилжааны дүнг оруулаад энэ хэмжээнд хүрч байгаа байх?
-Зарим хүн Хөрөнгийн биржийн өдрийн арилжааны дүн нэмэгдсэн нь Засгийн газрын үнэт цаас арилжиж эхэлсэнтэй л холбоотой гэж ярьж байна. Дэлгүүрээр хэчнээн хүн үйлчлүүлж байна вэ, өдрийн орлого нь хэр хэмжээнд хүрсэн бэ гэдэг чухал. Засгийн газрын үнэт цаас болон хувьцаа нь Хөрөнгийн биржийн нэг л бүтээгдэхүүн юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй буюу 55.5 тэрбум төгрөгийн арилжаа хийлээ. Энэ нь олон нийт Хөрөнгийн биржийг өөрөөр харж эхэлж байгаагийн нотолгоо болно.
-Лондоны хөрөнгийн биржээс суурилуулж өгсөн МIT арилжааны систем манайд тохирохгүй гэсэн яриа байлаг. Одоо энэ систем бүрэн ажиллаж байгаа юу?
-Энэ арилжааны системийг Сингапурын хөрөнгийн бирж хоёр жилийн өмнөөс ашигласан. Олон улсын хөрөнгийн зах зээлийн шилдэг бүтээгдэх үүнийг манайд тохирохгүй гэдэг нь худал яриа юм. Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээний хэрэгжилт сайн байгаа.
-Иргэд “Тавантолгой” төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах сургаар хөрөнгийн зах зээлийг сонирхож эхэлсэн. Уг төсөл ойрын хугацаанд хэрэгжихгүй бол олон хүний энэ зах зээлд итгэх итгэл үгүй болно гэж шинжээчид ярьж байна.
-“Тавантолгой” төслийн ажлыг урагшлууллаа ч “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа ойрын хоёр, гурван жилдээ Хөрөнгийн биржийн жагсаалтад орохгүй болов уу. Тиймээс энэ хугацаанд олон нийтийг хөрөнгийн зах зээлийн талаар суурь мэдлэгтэй болгох ёстой. Хүн мэдлэгтэй байж л хувьцаагаа үнэлнэ шүү дээ. Хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх нь зөвхөн Хөрөнгийн биржийн ажил биш.
-Төрөөс хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг хэрхэн хардаг юм бол?
-Төрөөс ямар ч дэмжлэг алга. Бид мөнгө гуйгаагүй. Харин төрөөс хэрэгжүүлж байгаа зарим төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг Хөрөнгийн биржээр дамжуулж өгөөч л гэж байгаа. Банкны систем яагаад санхүүгийн зах зээлийг дангаараа эзэлчихсэн бэ гэвэл төрөөс хэрэгжүүлж буй бүхий л хөтөлбөрийн санхүүжилтийн хөрөнгө банкаар дамжсантай холбоотой. Орон сууцны урт хугацаат зээлийн хөтөлбөр болон импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн санхүүжилт гээд. Эдгээрээс импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх төслүүдэд санхүүжилт олгох ажлыг Хөрөнгийн биржээр дамжуулан хийх ёстой байсан юм. Хэрэв тэгсэн бол бид одоо биржид бүртгэлтэй, нээлттэй, хариуцлагатай хэдэн компанитай болчихсон байх байлаа. Тухайлбал, сайн төслүүдэд банкуудаар дамжуулан зээл олгохоос илүү Хөрөнгийн биржид бүртгүүлж, нээлттэй хувьцаат компани бол гэсэн шаардлага тавина. Ингээд компаниуд хөрөнгө оруулагчдын итгэлийг дааж чадвал хувьцааных нь 30 хувийг, эсвэл бондыг нь худалдаж авах зэргээр хувьцаат компани байгуулж болно.
-Уг нь УИХ-аас Засгийн газрын үнэт цаасыг Хөрөнгийн биржээр арилжих шийдвэр гаргасан. Гэтэл Засгийн газрын үнэт цаасны багахан хэсэг нь л Хөрөнгийн биржээр дамжиж байх шиг байна?
-УИХ ийм тогтоол гаргасан. Гэтэл одоо Засгийн газрын үнэт цаасны аравхан хувь нь л Хөрөнгийн биржээр дамжиж байгаа. Засгийн газар нь Хөрөнгийн бирждээ итгэхгүй байхад хэн бидэнд итгэх юм бэ.
-Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төсөлд төрийн өмчит зарим компанийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлахаар тусгасан. Энэ асуудлыг УИХ хэзээ шийдвэрлэх талаар мэдээлэл байгаа юу?
-УИХ Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах үндсэн чиглэлийн тогтоолын төслийг ондоо багтаан баталж чадвал энэ ажил хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд түлхэц болно. Гэхдээ тогтоолын төслийг хэзээ УИХ-аар хэлэлцэхийг мэдэхгүй байна.
-Төрийн өмчит хувьцаат компаниудыг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах ажлыг ямар хэлбэрээр хийх вэ?
-Төрийн өмчит хувьцаат компаниудыг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжихын тулд эхлээд тухайн компанийн үндсэн хувьцаа эзэмшигчдэд нэмэлт хувьцааг нь санал болгоно. Гол хувьцаа эзэмшигчид нь авахгүй бол иргэд, олон нийтэд нээлтэй арилжина.
-Хөрөнгийн биржийн арилжааны дүн, үндсэн үзүүлэлтүүд сайжирч байна. Цаашид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах чиглэлээр ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Бид цаашид андеррайтер болон хөрөнгө босгох сонирхолтой компаниудтай хамтарч тэднийг IPO хийхийг дэмжинэ. Энэ зах зээлийг зөв хөдөлгөж чадвал боломж бий гэдгийг бид харсан учраас өндөр зорилт тавиад байна. Өнгөрсөн 24 жилд 10 компани IPO хийсэн. Харин бид энэ одоо багтан 10 компанийг Хөрөнгийн биржээр дамжуулан IPO хийхэд тусална. Чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн. Хамгийн гол нь андеррайтерийн компаниудынхаа чадавхийг дээшлүүлэх хэрэгтэй байгаа.
-Ганцхан жилийн хугацаанд 10 IPO гэдэг манай Хөрөнгийн биржийн хувьд ахадсан тоо биш үү?
-Бид боломжийг харсан учраас л ийм зорилт тавьсан. Энэ оны хувьд “Би Ди Сек ҮЦК” компани нэмэлт хувьцаа гаргасан. Одоо бас нэг компани нэмэлт хувьцаа гаргах гэж байгаа. Үүнээс гадна хүнсний үйлдвэрлэлийн салбарт, тэр дундаа мах боловсруулах болон сүүний, тавилгын үйлдвэрийн төслүүд санхүүжилт босгохоор судалж байна. Компаниудын хувьд 500 сая, нэг тэрбум, 5-10 тэрбум төгрөг гэх мэтчилэн харилцан адилгүй хэмжээний хөрөнгө босгохоор төлөвлөсөн. Хөрөнгийн бирж өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бондын 20 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Тиймээс үнэхээр үр өгөөжтэй төсөл байвал хөрөнгө оруулагч олох боломжтой гэж харж байгаа. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчид ч манай зах зээлийг сонирхож байна.
-Саяхан таныг халж, солих тухай яриа гарлаа. Юу болсон юм бэ?
-Сангийн яамнаас надад энэ ажлыг санал болгосон. Би саналыг хүлээн аваад ажиллаж байна. Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар томилогдоод есөн сарын хугацаа өнгөрсний дараа Сангийн яамнаас миний оронд өөр хүн томилох шаардлагатай боллоо гэж мэдэгдсэн. Би ойлголоо л гэж хэлсэн. Түүнээс биш тамга тэмдгээ авч зугтаах, эсвэл Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүдтэй уулзаж намайг битгий халаарай, Б.Ундармааг дэмжээд хэрэггүй гэж нэг ч хүнд хэлээгүй. Харамсалтай нь ТУЗ-ийн хурлаар тэр хүнийг дэмжээгүй юм билээ.
эх сурвалж: mongolnews.mn
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ