-Засгийн газрын бонд гэдэг бол зах зээлийн суурь бүтээгдэхүүн. Benchmark гэж хэлж болно. Хүн болгоны харж байдаг эдийн засгийн индекс болсон Засгийн газрын бондын хүү өснө гэдэг бол эдийн засаг муудаж байгаагийн дохио байдаг-
-Санхүүгийн зах зээлийн хоёр баганын нэг нь хөрөнгийн зах зээл, нөгөө нь банкны салбар. Гэтэл манай улсад банкны салбар түлхүү хөгжиж, хөрөнгийн зах зээл нь хоцорч яваа. Санхүүгийн зах зээлийг банкны салбартай эн тэнцүү хөгжүүлэх боломж байгаагүй юү. Ядаж л шил дарж явбал санхүүгийн зах зээл тэнцвэртэй байх бус уу?
-Санхүүгийн зах зээл үндсэн гурван салбараас бүрддэг. Хөрөнгийн зах зээл, банкны салбараас гадна даатгалын салбар санхүүгийн зах зээлд багтаж явдаг. Энэ гурав эн тэнцүү үүрэгтэй. Дэлхийн улс орнуудын жишгийг харахад тухайн улсын санхүүгийн зах зээлд хамгийн үүрэг рольтой оролцдог салбар нь хөрөнгийн зах зээл байдаг. Санхүүгийн зах зээлийн 40-50 хувийг хөрөнгийн зах зээл, 30 хувийг даатгал, 30 хувийг банк эзэлдэг бол манайд эсрэгээрээ банкны салбар дангаараа эзэлчихсэн байдаг. Засгийн газар болгоны зорилго, зорилтод хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар тусгадаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар бүгдээрээ л хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэсэн сайхан амлалт өгдөг.
Гэтэл биелсэн нь үгүй. Манай улсын хувьд 1991 онд хиймэл маягийн хөрөнгийн зах зээл үүсгэсэн. 475 төрийн өмчит компанийг хувьцаат компани болгон хүчээр шийдсэн байдаг. Үндсэндээ иргэдэд цэнхэр, ягаан тасалбар түгээх зорилгоор хөрөнгийн биржийг байгуулсан ч гэж болно. Хөрөнгийн зах зээл бол санхүүжилт босгодог зах зээл байтал зөвхөн хувьцаа төвлөрүүлэх байдлаар ажиллаж ирлээ. Олон нийтийн хувьцааны талаарх мэдлэг дутмаг байдлыг ашиглаад цэнхэр, ягаан тасалбарыг цөөн бүлэг хүмүүс төвлөрүүлэн авсан. Тэд нэг компанийн 70-80 хувьтай тэнцэх хувьцааг төвлөрүүлээд ХХК болоод гардаг байх жишээтэй.
Монголын хөрөнгийн биржийн 24 жилийн түүхэнд ердөө хоёрхон удаа их хэмжээний санхүүжилт босгосон байдаг. Анод, Зоос банкны санхүүжилтийг томоохон хэмжээний санхүүжилт гэж хэлж болно.
-Тэр хоёр нь одоо хоёулаа дампуурсан биз дээ?
-Тийм, хоёулаа дампуурлаа зарласан. Тэгэхээр хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа хөгжөөгүй гэж хэлж болно. Тиймээс ч иргэдэд “Хувьцаат компани бүтэхгүй зүйл байна. Хүний мөнгийг аваад тоглоод дампуурч мэдэх нь” гэсэн ташаа ойлголт өгсөн. Тэгэхээр бид хамгийн түрүүн “Өнгөрсөн хугацаанд бид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлээгүй, хувьчлал л хийсэн” гэдэгтэйгээ эвлэрэх хэрэгтэй байгаа юм. 1991 онд иргэдэд тараасан цэнхэр, ягаан тасалбарын өгөө аваа энэ жилээс дуусч байгаа. Ер нь бол манайд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 80-90 хувь нь нэг хоёрхон хүнд төвлөрч байдаг. Тиймээс энэ жилээс хөрөнгийн зах зээлийн хоёр дахь шат буюу санхүүжилт босгох ажлаа эхлүүлнэ.
-Хөрөнгийн зах зээлийг сонгодог утгаар нь хөгжүүлэхэд юу чухал вэ?
-Санхүүжилт босгоход хамгийн чухал зүйл бол итгэлцэл. Хувьцаа эзэмшигч нар мөнгөө тухайн компанид өгч, миний мөнгийг зөв зарцуулж, өсгөж үржүүлээрэй гээд өгдөг. Гэтэл энэ итгэлийг талаар болгох нь бий. Тиймээс итгэлцлийг бэхжүүлэхийн тулд хяналт шалгалтыг сайжруулна. Өнгөрсөн хугацаанд хувцьаа эзэмшигчийн эрх ашгийг алдагдуулж, хувьцаат компаниуд, брокер дилерүүд нь ч дураараа дургиж байдаг жишиг тогтсон байна. Мөнгөө өгсөн хүний эрх ашгийг орхигдуулсан. Тийм болохоор итгэлцэл үүсэхгүй, зах зээл нь хөгжихгүй байсан гэдэг нь харагдаж байгаа. Хоёрдугаарт олон нийтийн санхүүгийн боловсрол дутмаг байгаа нь ч нөлөөлсөн.
Энэ бүхнийг төлөвшүүлэхэд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Банкны сектор санхүүгийн зах зээлийн 98 хувьд хүрсэн нь төрийн дэмжлэгтэй л холбоотой шүү дээ. Банкуудыг төрөөс бүх талаар нь дэмжиж, хамгаалсан байдаг.
-Банкныхан чинь “Бид бор зүрхээрээ хөгжиж байна” гэдэг биз дээ?
-Ёстой худлаа. Хамгийн сүүлийн жишээ гэвэл үндэсний үйлдвэрлэлийг дэмжих 888 төсөл байна. Ноос, ноолуурын урамшуулал, Сү.Батболд сайдын үеийн зургаан хувийн зээл, Н.Алтанхуяг сайдын найман хувийн зээл гээд бүгд банкаар дамжсан. Төрийн төсөл хөтөлбөрүүд ч бүгд банкаар дамждаг. Гэтэл хөрөнгийн зах зээлд ийм дэмжлэг алга.
-Дэмжлэг татах боломж харагдаж байна уу?
-Бид “Санхүүгийн зах зээлийг тэгш хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулсан. Түүнд банкаар дамжуулж буй төсөл хөтөлбөрийн зарим хэсгийг Хөрөнгийн биржээр дамжуулах талаар тусгасан. Бонд гаргах, хувьцаат компани байгуулах замаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж болно.
Банкуудыг хамгаалалтдаа авсан жишээнд Зоос, Анод, Хадгаламжийг дурдаж болно. Төсвөөс мөнгө гаргаад банкны харилцагчдыг хохиролгүй болгосон хэр нь Анод, Зоос ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг орхигдуулсан. Ийм л ялгамжтай хандлага амь бөхтэй байгаа цагт тэгш хөгжил ирэхгүй. Санхүүгийн зах зээлийг хөгжүүлье гэж л байгаа бол төрөөс дэмжих учиртай.
-Дампуурлаа зарласан Анод, Зоос хоёр компани хувьцаа гаргасаар байгаа гэдэг нь үнэн байх нь ээ?
-Үнэн. Анод, Зоос ХК-ууд одоо ч хувьцаагаа гаргаж байгаа. Анод, Зоос банк дампуурсан болохоос компани нь хувьцаагаа гаргаад явж байна.
-Гадаадын улс орнуудын хөрөнгийн биржид төрийн дэмжлэг авдаггүй биз дээ?
-Анх үүссэн түүхийг нь харахад Засгийн газрын бонд, үнэт цаасыг арилжиж хөл дээрээ боссон байдаг. Голландад ч тэр, Англид ч тэр. Манай улсын хувьд хөөцөлдөж байж л өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Засгийн газрын үнэт цаасны багахан хэсгийг хөрөнгийн биржээр арилжих эрх авлаа. Засгийн газрын үнэт цаасны ихэнх хэсгийг Монголбанкаар дамжуулан арилждаг. Тэрхүү арилжаанд нь 4-8 банк л оролцдог.
Засгийн газар бонд гаргана гэдэг чинь хөрөнгө босгож байна гэсэн үг. Гэтэл түүнийгээ Хөрөнгийн биржээр бус Монголбанкаар дамжуулан арилжиж байгаа нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэсэн зорилтоосоо гажсан, логикийн алдаатай үйлдэл болчихоод байгаа юм. Эндээс Засгийн газар өөрөө Хөрөнгийн бирждээ итгэхгүй байна гэдэг нь харагдаж буй. Засгийн газар нь итгэхгүй байхад гадаад дотоодын хөрөнгө оруулагчид манай Хөрөнгийн биржид итгэх үү гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Хөрөнгө босгох талбар нь ажилгүй сууж байхад Засгийн газар бондоо Монголбанкаар дамжуулж, 4-8 банкинд арилжиж байгаа нь шударга биш үйлдэл. Тиймээс Засгийн газрын үнэт цаасыг зуун хувь Хөрөнгийн биржээр арилжих ёстой гэж үзэж байгаа. Хуулиараа ч тийм байгаа.
Хоёрдугаарт гэвэл, Засгийн газрын бонд гэдэг бол зах зээлийн суурь бүтээгдэхүүн. Benchmark гэж хэлж болно. Хүн болгоны харж байдаг эдийн засгийн индекс болсон Засгийн газрын бондын хүү өндөр байгаа нь эдийн засаг муудаж байгаагийн дохио. Тиймээс ч бусад улс орны Засгийн газрууд үнэт цаасныхаа хүүг бууруулах зорилго тавьдаг. Гэтэл манайд Засгийн газрын үнэт цаасны хүү буурах биш өссөөр 16 хувьд хүрчихээд байгаа. Ийм тохиолдолд аж ахуйн нэгжүүд бага хүүтэй санхүүжилт татах ямар ч боломжгүй.
Нөгөөтэйгүүр логикийн зөрчилтэй шийдлийн нэгд Нийгмийн даатгалын сангаар жишээ татмаар байна. Тэр мөнгийг Капитал банкинд 10 хувийн хүүтэй байршуулсан байдаг. Засгийн газар нь 16 хувийн хүүтэй, эрсдэлгүй үнэт цаас гаргасаар байтал нийгмийн даатгалын сангийн мөнгийг 10 хувийн хүүгээр Капитал банкинд байршуулсан нь Засгийн газрыг Капитал банкнаас эрсдэлтэй болгон харагдуулж байгаа юм.
-Засгийн газрын бондын хүүг бууруулах ямар боломж байна вэ. Оролцогчид нь цөөн болохоор үгсэн тохирдог байх магадлалтай гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Монголбанкин дахь Засгийн газрын үнэт цаасны арилжаанд 4-5 банк л оролцдог. Тэд үнээ хэлээд л хүүг нь тогтоочихдог. Тэгэхээр Засгийн газрын үнэт цаасны хүү бодит бусаар тогтох магадлал өндөр.
-Засгийн газар өөрөө бондынхоо хүүг тогтоож болохгүй юу?
-Зах зээл дээр бондын хүүг арилжаанд оролцогчид өөрсдөө тогтоодог. Хэдий олон оролцогч байх тусмаа хүү буурах учиртай. Гэтэл хэдхэн банкууд тохиролцоод хүүг буулгахгүй бариад байх боломжтой. Нэг жилийн өмнө 9 байсан хүү энэ жил 16 болж нэмэгдсэн. 2014 оны зургадугаар сард Засгийн газрын үнэт цаасны хүү есөн хувь байсныг сайн санаж байна. Харин одоо 16 хувь. Энэ бол гажуудал. Үүнийг засах ганц зүйл бол нээлттэй, ил тод, олон нийтийн арилжаа.
-Монголбанкны арилжиж буй Засгийн газрын бондыг аж ахуйн нэгж, иргэд худалдан авах эрхгүй биз дээ?
-Бараг л тийм. Журмандаа банкаар дамжуулан арилжаанд оролцож болно гэсэн заасан ч банкууд л Засгийн газрын бондыг өндөр хүүтэйгээр авч байна. Ингэж банкууд үнэт цаасны арилжаанд монополь байдлаар оролцдог төдийгүй брокер дилерийн компани байгуулж эхлээд байна. Одоогийн байдлаар 11 банк брокер дилерийн тусгай зөвшөөрөл авчихаад байна.
-Засгийн газрын үнэт цаасны хэдэн хувь нь хөрөнгийн биржээр дамжиж байгаа вэ?
-Банкуудын авсан бондын хэмжээ 2,2 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа. Харин хөрөнгийн бирж 220 тэрбум төгрөгийн бонд арилжсан. Банк, хөрөнгийн биржийн харьцаа 90:10 байгаа тохиолдолд хөрөнгийн зах зээл хөгжихгүй.
-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд гаднаас дэмжлэг хэрэгтэйг бид ярилцлаа. Тэгвэл дотооддоо та бүхэн юү хийж байна вэ. Брокер дилерийн компаниудын хяналт шалгалтыг сайжруулж, алдаа гаргасан заримд нь арга хэмжээ авсан гэлээ. Яг ямар хариуцлага тооцсон бэ?
-Хөрөнгийн биржид брокер дилерийн компаниудаа хянах эрх нь бий. Үүнийхээ хүрээнд брокер дилерийн компаниудыг хянаад үзэхээр дутагдалтай зүйл олон ажиглагдсан. Хувьцааны үнэ ханшийг зах зээлийн бус зарчмаар, дураараа өсгөж, бууруулдаг зөрчил илэрсэн. Зарим компани хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг дөхөөд ирэхээр брокер дилерийнхэнд захиалаад хувьцааныхаа үнийг өсгөчихдөг тохиолдол ч цөөнгүй байсан. Эсвэл зээл авах болохоороо санхүүгийн тайланг сайн харагдуулах гэж үнэ ханшаа өсгөдөг үзэгдэл энгийн зүйл болсон. Тиймээс зах зээлийг урвуулан ашиглаж, хувьцааны үнэ ханшийг үндэслэлгүйгээр өсгөсөн таван компанийн буруутай үйлдлийг илрүүлж, хариуцлага тооцсон. Нэг брокер дилерийн компанийн эрхийг бүрмөсөн цуцалж, дөрвөн компанийн эрхийг хугацаатай түдгэлзүүлээд байна. Урьд нь хариуцлага тооцсон тохиолдол гарч байгаагүй болохоор компаниудын зүгээс намайг буруутгасан, дайрсан. Гэвч буруу үйлдэлд нь хариуцлага тооцсон болохоор яах ч арга байгаагүй.
-ТОП-20 индекс ч эргэлзээтэй байсан гэл үү?
-Зах зээлийн МSE ТОП-20 индекс ч эргэлзээтэй. ТОП-20-д орсон компанийн хувьцааны үнэ ханшийн мэдээлэл долоо хоногийн дотор 10 хувиар хэлбэлзсэн харагддаг. Эндээс л манай хөрөнгийн зах зээлийн гажуудал, брокер дилерийнхний алдаа мадаг аяндаа харагдаж байгаа. Дэлхий дээр ийм тохиолдол огт байхгүй. Онцгой тохиолдол гарлаа гэхэд 1-2 хувиар хэлбэлздэг.
Энэ бүх байдлыг засч залруулахын тулд хяналт шалгалтыг чангатгахын сацуу ТОП-20 индексээ шинэчилж байгаа. Одоогийн индекс тооцооллын гажуудалтай юм билээ. Зах зээлээ зөв илэрхийлж чадахгүй байгаа. Тиймээс бид “МSE ALL” индексийг нэвтрүүлж эхэлсэн. Энэ индекст хөрөнгийн биржид бүртгэлтэй 227 компани бүгд багтаж байгаа. Индексийн гол зорилго нь өсч буурахдаа бус зах зээлээ л бүрэн илэрхийлэх учиртай.
-Брокер дилерийн хэчнээн компани байгаа вэ?
-Намайг ажил авах үед 74 байсан үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг нь 20 гаруй.
-Үйл ажиллагаа явуулахгүй байж тусгай зөвшөөрөл авахын хэрэг байдаг юм уу?
-Брокер дилерийн компаниудын тоо 2011 онд 50-аар нэмэгдсэн. Эдгээр компанийг үүсгэсэн хүмүүс нь улстөрчид байдаг.
-2011 он гэхээр 1072 хувьцаатай холбоотой байх нь ээ?
-Тийм байх гэж таамаглаж байна.
-Хөрөнгийн бирж аж ахуйн нэгжүүдэд хандаж юү хийх вэ. Хувьцаат компаниудыг бэхжүүлэхгүйгээр хувьцаа эзэмшигчдийн эрх хамгаалагдахгүй биз дээ?
-Юун түрүүн компанийн засаглалын кодексийг хэрэгжүүлэх гэрээг эхний 20 компанитай хийгээд байна. Компанийн засаглалын кодексийг хэрэгжүүлснээр нээлттэй, ил тод, хариуцлагатайгаар ажиллах боломж нээгдэх юм. Хувьцаат компаниудын мэдээллийг тогтмол авч эхлээд байна. Мөн тухайн компанийн вэбсайтад хувьцаа эзэмшигчдэд зориулсан тусгай булантай болохыг шаардсан. Тавантолгой компани л гэхэд ийм булангаа нээсэн гэдгээ бидэнд мэдэгдсэн.
-Төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани хэр олон байгаа вэ?
-Төрийн өмчийн оролцоотой 30 компани бий.
-Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээ хэлэлцээрийн үр дүн юү байв?
-Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн түншийн хэмжээнд хамтарч ажиллах нь бодлогын шийдлийн хувьд зөв гэж харж байгаа. 14 сая ам.доллар гэдэг стратегийн түншлэлийн хувьд их мөнгө биш, манай улсын хувьд. Лондонгийн хөрөнгийн биржийн тухайд бүр ч их мөнгө гэхгүй. Яагаад гэхээр Лондонгийн хөрөнгийн бирж жилдээ 700 сая ам.долларын цэвэр ашигтай ажилладаг дэлхийн санхүүгийн том лидер шүү дээ. Гэтэл харамсалтай нь хэрэгжилтэд алдаа гарсан.
-Ямар алдаа байв?
-Зорилтоо зөв хараагүйгээс программ хангамжид дээр гурван жилийн турш маргалдсан. Лондонгийнхон биднийг хулхидлаа, муу прогграмм Энэтхэгээс шахлаа гэхчилэн цуурсан. Тэр программ уг нь Шриланкад хийгдсэн дэлхийн шилдэг программ байсан. Зарим хүмүүс тэр мэдээллийг зохион байгуулалттайгаар хөөсрүүлсэн. Шинэчлэл хийе гэж зориогүй юм уу гэж харагдаж байгаа. Гэхдээ энэ бол бидний дотоод асуудал. Үүнийг Лондонгийн биржид тохох аргагүй алдаа. Тиймээс гэрээгээ гурван жилээр үргэлжлүүлэхээр болсон.
-Гэрээ хэлэлцээр амжилттай үргэлжиллээ гэхэд Монголд ямар ашигтай вэ?
-Лондонгийн хөрөнгийн биржийн стратегийн түнш нь Монгол Улс гэсэн статус бидэнд хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд хамгийн олон улсын хөрөнгө оруулалтыг цуглуулж байдаг бирж бол Лондонгийн бирж. Одоогоор гуравхан стратегийн түнштэй байгаагийн нэг нь Монгол. Турк, Йорданы хувьд хөрөнгийн зах зээлээрээ манайхаас хамаагүй түрүүлж яваа. Тийм улсуудтай нэг төвшинд очсон хэрнээ дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй гурван жил болсон нь нөгөөх л “Тамын тогооны үлгэр”-ийн нэг хэлбэр юм. Нэгэнт зөв гэрээг буруу хэрэгжүүлсэн болохоор бид мөнгөө төлөхгүй гэх арга алга.
Ярилцсан Д.ЦЭЭПИЛ
Эх сурвалж: news.mn
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ