МХБ нь 2017 онд Тогтвортой хөрөнгийн биржийн санаачлагад нэгдсэнээс хойш тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх, бүртгэлтэй компаниудын байгаль орчин, нийгэм засаглалд үзүүлэх эерэг нөлөөллийг сайжруулах үүднээс дүрэм, журмууддаа тогвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн үнэт цаас гаргагчдыг дэмжих зохицуулалтуудыг бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн билээ.
Энэхүү зорилгын хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан Үнэт цаасны бүртгэлийн журмын нэмэлт өөрчлөлтөөр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгууд (ТХЗ)-д нийцсэн болон Ногоон таксономид нийцсэн үнэт цаас гаргагчийг бүртгэлийн зарим шалгуур, шаардлагагаас хөнгөлөх, чөлөөлөх, бүртгэлийн хураамжийн хөнгөлөлт эдлүүлэхээр болсноос гадна “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд мэдээлэл хүргэх журам” -ыг шинээр боловсруулж, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн мөрдөж байна. Тус шинэ журмаар ESG буюу Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлагналын стандартыг нэвтрүүлж, улмаар МХБ-д бүртгэлтэй компаниуд тус тайлагналын стандартын дагуу хөрөнгө оруулагчдад БОНЗ-ын тайлангаа тайлагнах боломж бүрдсэн юм.
2021 онд хийгдсэн судалгаагаар МХБ-д бүртгэлтэй 42 компанийн 13 хувь нь БОНЗ-ын үзүүлэлтээ олон нийтэд мэдээлж байгаа бөгөөд судалгаанд хамрагдсан компаниуд байгаль орчин, нийгэм, засаглалд үзүүлж буй нөлөөллөө хэмжих удирдамжаар хангаж, чадавхыг нь бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлбэл БОНЗ, тогтвортой байдлын тайлагналыг олон улсын стандартын дагуу боловсруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Үнэт цаас гаргагчдыг БОНЗ-ын тайлан боловсруулах арга зүйгээр хангах үүднээс МХБ нь СЗХ, Олон улсын санхүүгийн корпораци, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Тогтвортой санхүүгийн холбоо зэрэг байгууллагуудтай хамтран “БОНЗ, тогтвортой байдлын тайлагналын удирдамж”-ийг гаргалаа.
Бизнесийн байгууллагуудад зориулсан энэхүү удирдамжид тогтвортой байдлын тайлан гаргах шалгуур үзүүлэлтийн жагсаалт, тайлагнал бэлдэх аргачлал болон олон улсын чиг хандлага, туршлагын талаарх мэдээллүүд багтсан бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниуд ололт амжилтаа үнэлж дүгнэх, нөлөөллийн түвшнээ тодорхойлох, өсөж хөгжих орон зайгаа тэлэхэд чухал гарын авлага болно гэдгийг судлаач, шинжээчид, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд онцолж байна.
“БОНЗ, тогтвортой байдлын тайлагналын удирдамж”-ийг энд дарж үзнэ үү.
"Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам"-ыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ