"Шарын гол" ХК-ийн удирдлага нүүрс баяжуулах үйлдвэр барих, утаагүй түлш-брикетийн үйлдвэрээ өргөтгөх ажилд зориулан ЕСБХБ-аас 10,0 сая ам.долларын санхүүгийн багц зээл авах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Тус зээлээр нүүрсний байгалийн болон механик чулуу хольцыг ялгах, ангижруулж, боловсруулах үйлдвэр барьж мөн шахмал түлшний үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бий болох юм.
Угаасан нүүрс болон брикетэн түлш нь үйлдвэрээс эцсийн хэрэглэгчдэд буюу хайлуулах, цементийн үйлдвэрүүд болон айл өрхийн хэрэгцээнд очих юм. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Байгалийн баялгийн асуудал хариуцсан захирал Эрик Расмуссен: "Бид Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах төсөл дээр "Шарын гол" ХК-тай хамтран ажиллах болсондоо ихээхэн баяртай байна. Орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд нааштай нөлөө үзүүлэхийн төлөө зүтгэж буй компанийн хариуцлагыг өндрөөр үнэлж байна. Өндөр чанартай цэвэр, өртөг шингэсэн нүүрсний үйлдвэрлэлийн талаарх компанийн стратегийг бид дэмжихэд бэлэн байна" хэмээжээ.
“Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Жеймс Пассин хэлэхдээ: “Банк болон түүний зөвлөхүүдийн зүгээс судалж үйл ажиллагаа, санхүү, хууль эрх зүй, геологи, байгаль орчин болон нийгмийн чиглэлээр өндөр шалгуур давсны үр дүнд ЕСБХБанкнаас санхүүгийн багц зээл авах болсондоо бид туйлын баяртай байна. Удаан хугацааны зээлийн санхүүжилт нь “Шарын гол” ХК-д өөрийн охин компани болох “Нако Түлш” ХК-аар Монгол улсын зах зээлд нийлүүлэх утаагүй түлшээ үйлдвэрлэн гаргах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж олгож буй юм. Манай бүтээгдэхүүн нь 2015 оны өвөл гэхэд Улаанбаатар хотын агаарын чанарыг бодитойгоор сайжруулна гэж бид төлөвлөж байна” гэжээ.
ЕСБХБ-аас “Шарын гол” ХК санхүүгийн багц зээл авснаар нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй уурхай болон хөгжихөд нэг алхам ойртлоо гэж компани зүгээс дүгнэжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу.
БХХО Хариуцсан Захирал Б.Отгонзул
Цахим шуудан: otgonzul@sharyngol.com
Цахим хуудас: www.sharyngol.com
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ