Зах зээлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон ажил, арга хэмжээнүүдийг эхлүүлсэн нь эхнээсээ үр дүнгээ өгч эхлээд буй билээ. МХБ-д бүртгэлтэй үнэт цаасыг А болон B гэсэн хоёр самбарт хуваан арилжааг явуулж байгаа бөгөөд ингэснээр хөрөнгө оруулагчид ХК-иудыг зүй зохистой үнэлэх, нөгөөтэйгүүр компаниуд өөрийн үйл ажиллагаа сайжруулан А самбарт бүртгэгдэх эрмэлзэлтэй болох зэрэг чухал ач холбогдолтой юм.
Зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах
Одоогийн байдлаар хөрөнгө оруулагчид үнэт цаасны арилжаанд оролцохын тулд заавал дансандаа бэлэн мөнгөтэй байхыг шаарддаг. Тэгвэл олон улсын жишгийн дагуу үнэт цаасны төлбөр тооцоог Т+3 хугацаанд буюу хөрөнгө оруулагч хувьцаа худалдан авсныхаа дараа 3 хоногийн дотор төлбөрөө хийж гүйцэтгэх тогтолцоог судлан загварчилж хэрэгжүүлэх эхлэхэд бэлэн болоод байна.
Ингэснээр бид олон улсын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахад хамгийн том саад бэрхшээл болж байсан хаалтыг үгүй болгож гадны мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтыг дэмжин, дотоодын зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд нэн чухал алхмыг хийлээ
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төв
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор 2011 оны 05 сард “Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төв”-ийг байгуулж, дараах чиглэлийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна. Үүнд:
Олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр
- Хөрөнгийн биржийн веб сайт дотор “Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төв”-ийн хуудсыг дараах бүтэцтэйгээр нээн ажиллуулж байна.
- Танилцуулга
- Хичээл
- Судалгаа
- Нийтлэл
- Компаниудад зориулсан мэдээлэл
- Нэр томьёоны толь
- Нийтлэг асуулт, хариултууд
- Хөрөнгийн зах зээлийн тухай иргэдэд зориулсан хичээл /хөрөнгө оруулалтын тухай, бондын тухай, үнэт цаасны арилжаа, биржийн тухай г.м/, хөрөнгийн зах зээлийн холбогдолтой нийтлэлүүдийг бэлтгэж веб хуудсанд байршуулсан.
- “Рескап” компаниас санхүүгийн нэр томьёоны тайлбар толь бэлтгэсэн байсныг уг компанийн зөвшөөрөлтэйгээр ашиглан, нэр томьёоны хайлтын систем хийж, вебд байршуулсан. Уг системээр хайлт хийхэд, тухайн үгийн англи, монгол нэр томьёо, мэргэжлийн тайлбартайгаа гарч ирдэг.
- Олон нийтийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд 2011 оны 11-р сарын 05-ны өдрөөс эхлэн орон нутгийн иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар нээлттэй өдөрлөг, сургалт семинарын ажлыг шат дараатай хийх гэж байна.
Хөрөнгийн зах зээл дээрх санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр
- Компаниудын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах хандлагыг нэмэгдүүлэх зорилготой семинаруудыг зохион байгуулж байна. Жишээлбэл, 2011 оны 10-р сарын 11-нд PwC ХХК-тай хамтран, хувьцаат компаниуд, аудитын компаниудыг оролцуулан 45 компанийн төлөөлөгчдөд “Санхүүгийн тайлагналын сайн зарчмыг хэрэгжүүлэх ач холбогдол” сэдвээр семинар зохион байгуулсан.
- Шинээр болон нэмж үнэт цаас гаргаж буй компаниудын вебд байршуулах үнэт цаасны мэдээллийн форматыг шинэчилж, шинээр болон нэмж үнэт цаас гаргасан компаниудын мэдээллийг веб хуудсанд байршуулсан.
- Компани, аж ахуйн нэгжүүдэд зориулсан мэдээллүүд /санхүүжилт татах арга, үнэт цаас гаргагчдад зориулсан зөвлөмж г.м/ бэлтгэж веб хуудсанд байршуулсан.
Мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх чиглэлээр
- Их, дээд сургуулиудын Санхүүгийн бакалавр, магистрын хөтөлбөрийг шинэчлэх ажилд хувь нэмрээ оруулах зорилгоор, Санхүү, Эдийн Засгийн Дээд Сургууль /СЭЗДС/, Монгол Улсын Их Сургууль /МУИС/, Хүмүүнлэгийн Их Сургууль /ХИС/ сургуулиудаас сургалтын болон хичээлийн хөтөлбөрүүдийг албан ёсны хүсэлт гарган хүлээн авч, холбогдох мэргэжилтнүүдээс санал цуглуулан хүргүүлсэн.
- Хөрөнгийн зах зээлийн судалгааны ажлын санг үүсгэж, судалгааны ажлуудыг веб хуудсанд байршуулж байна.