Монголын хөрөнгийн бирж /МХБ/ одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2011 оны 04-р сарын 07-ны өдөр Лондонгийн хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зурж хөрөнгийн зах зээлийг олон улсын стандартад нийцүүлэх томоохон хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ.
Шинэчлэлийн ажлын хүрээнд үнэт цаасны арилжаа, хяналт, брокер, төлбөр тооцооны шинэ систем буюу Millennium IT системийг суурилуулах ажил хийгдэж дуусч байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Т+3 буюу харилцагч үнэт цаас худалдаж авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор төлбөрийг хийж гүйцэтгэдэг механизм уруу шилжиж байна. Энэхүү системд шилжсэнээр үнэт цаасны хөрвөх чадвар болон, арилжааны үнийн дүн, зах зээлийг эргэлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой бөгөөд дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчид үнэт цаасны арилжаанд оролцож хөрөнгө оруулалт хийхэд таатай орчин бүрдэж, аж ахуйн нэгжүүд олон нийтийн компани болж хөрөнгө оруулалт татахад томоохон хөшүүрэг болох юм.
Өнөөдөр Монгол Улсын арилжааны томоохон банкуудын нэг болох Худалдаа хөгжлийн банк, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв болон “ТиДиБи Капитал” ХХК хамтран төлбөр тооцооны банкны үйлчилгээг үзүүлэх гэрээг үзэглэж байна. Энэхүү гэрээний хүрээнд үнэт цаасны арилжаанд оролцож буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлбөр тооцоог олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэдэг, шинэлэг төлбөр тооцооны системийг Монгол Улсад нэвтрүүлэх юм.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, ҮЦТТТХТ-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, “ТиДиБи Капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Орхон болон холбогдох албаны хүмүүс оролцсон байна.