Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Богд банк" ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Богд банк" ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Саруул, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн нар оролцож Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6,607 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.
"Богд банк" ХК нь банкны салбарын реформын хүрээнд олон нийтийн компани болох хүсэлтийг ирүүлсэн хамгийн анхны банк боллоо. Тус банк нь нийт хувьцааны 20 хувь буюу 12,500,000 ширхэг хувьцааг нэг бүр нь 2,540 төгрөгөөр санал болгон гаргаж, нийт 31.75 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд санал болгон гаргаж буй хувьцааны 70 хувь буюу 8,750,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 30 хувь буюу 3,750,000 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон худалдах юм.
Үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийн 40 хувийг технологийн хөрөнгө оруулалтад, 30 хувийг бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлтэд, үлдэх 30 хувийг борлуулалтын сувгийн хөгжүүлэлт, сайжруулалтад зарцуулна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ