Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буй 2021 онд хөрөнгийн бирж дээр шинээр олон бүтээгдэхүүн гарч, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа эрс нэмэгдэж, хөрөнгийн зах зээл идэвхжсэн, мөн биржийн ТОП-20 индекс болон зах зээлийн үнэлгээ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн зэрэг ололт амжилтуудаар дүүрэн, үйл ажиллагааны өндөр үр ашигтай хагас жил байлаа.
2021 онцлох үйл явдлууд:
- Журмын шинэчлэлтүүд:
Зах зээлд арилжигдах бүтээгдэхүүний төрлийг олшруулах замаар хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах үүднээс Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журмууд, олон улсын жишигт нийцүүлэн ETF буюу биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын төслийг боловсруулан, холбогдох байгууллагуудаас санал аван ажиллаж байна.
Мөн зах зээлийн эрчимтэй өсөлт, үнэт цаас гаргалт нэмэгдсэнтэй холбогдуулан МХБ-ийн Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журамд холбогдох өөрчлөлтүүдийг оруулж, батламжлуулсан юм.
- Арилжаа:
Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлага, хэмжээг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 37,973.05 нэгжид хүрч, зах зээлийн үнэлгээ 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3,804,035,793,516 төгрөгт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон бөгөөд энэ нь оны эхэнтэй харьцуулахад ТОП 20 индекс 96%, зах зээлийн үнэлгээ 25%-ийн өсөлттэй үзүүлэлт байлаа. Мөн МХБ дээрх үнэт цаасны нийт арилжааны дүн оны эхний хагас жилийн байдлаар 646.7 тэрбум төгрөгт хүрсэн амжилттай байна.
- Шинэ бүтээгдэхүүн:
Анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг арилжаалжсан нь олон улсын жишгийн дагуу банк, санхүүгийн байгууллагууд активаа багцлан үнэт цаасжуулж, хөрөнгийн зах зээлд худалдан санхүүжилт татах замаар эрсдэлээ хуваалцах, санхүүгийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн шинэ суваг нээгдэх, иргэдэд тогтмол хугацаат хүүгийн орлого бүхий эрсдэл харьцангуй багатай гэх мэт олон давуу тал бүхий хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн зах зээлд бий болов.
Тайлант хугацаанд 3 компанийн бонд арилжаалагдаж нийт 360.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн бөгөөд МХБ дээрх анхны гадаад валютаар илэрхийлэгдсэн бондыг “Эрдэнэс Таван-толгой” ХК гаргасан нь амжилттай арилжаалагдаж байна.
Мөн зах зээл дээр хоёрдох давхар бүртгэл буюу Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степпе Гоулд” ХК бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа хийгдэхээр товлогдоод байгаа бол “Мандал ассет менежмент” хамтын хөрөнгө оруулалтын сан бүртгэгдэж, анхдагч зах зээлийн захиалга явагдаж байна.
- МХБ-ийн санхүүгийн үр ашиг:
МХБ ТӨХК нь 2021 оны эхний хагас жилд үйл ажиллагаанаас нийт 2.6 тэрбум төгрөгийн орлогыг олж, 1.1 тэрбум төгрөгийн зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр 1.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Компанийн үйл ажиллагааны жилийн орлогыг 2.7 тэрбум төгрөгт хүргэж, үйл ажиллагааны нийт зардлыг бүрэн нөхөж, борлуулалтын орлогын 1 төгрөгт ногдох зардлыг 99 мөнгө үзүүлэлтэд хүргэж ажиллахаар 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинд тусгасан ба энэхүү үзүүлэлт нь эхний хагас жилийн гүйцэтгэлээр 1 төгрөгт 43 мөнгө гэсэн үзүүлэлтэд хүрсэн буюу 57%-аар давж биелсэн үзүүлэлттэй байна.
Мөн тайлант хугацаанд зах зээлийн дэд бүтэц болох MIT системийн ашиглалттай холбоотой хуримтлагдсан өр төлбөрт 524,000 ам.долларыг төлж барагдуулахын зэрэгцээ зохих хууль, дүрэм, журмын дагуу Улсын төсөвт нийт 296 сая төгрөгийн татвар, шимтгэлийг цаг хугацаанд нь төлж, Улсын төсөв бүрдэлтэд хувь нэмрээ оруулж ажиллалаа.
Ийнхүү өнөөгийн цар тахал, эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг үл харгалзан дотоодын хөрөнгийн зах зээл идэвхжиж, шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдсэн ололт амжилтаар дүүрэн байгаа ба цацшид хөрөнгийн зах зээл маань улам хөгжиж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд бодит үр дүнгээ өгч, хөгжлийн түүчээ болон өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна.
Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.