Монгол Улсын Их Хурлын 2009 оны 79 тоот, 2010 оны 11 тоот, Засгийн газрын 2010 оны 86 тоот, 2010 оны 115 тоот тогтоолуудын дагуу Төрийн Өмчийн Хороо /ТӨХ/-ноос Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор олон улсын нээлттэй тендерийг зарлаж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх стратегийн түншээр Лондонгийн хөрөнгийн бирж групп /ЛХБГ/-ийг сонгон шалгаруулсан билээ. Улмаар ТӨХ ЛХБГ-ийн хооронд “Стратеги хамтын ажиллагааны гэрээ”-г 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулж, түншлэлийн хүрээнд хийгдэх ажлуудыг нарийвчлан тусгасан “Ажлын мастер гэрээ”-г 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ТӨХ, ЛХБГ болон Монголын Хөрөнгийн бирж /МХБ/ хамтран байгуулсан билээ.
Энэхүү гэрээний дагуу хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, МХБ-ийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, техник, технологийг шинэчлэх, боловсон хүчнийг чадавхижуулахад чиглэсэн олон ажил, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн нь тодорхой, бодит үр дүнд хүрээд байна. Тухайлбал:
- Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль”-ийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн болон шинээр боловсруулж, Монгол Улсын Засгийн газраас дэмжсэний үр дүнд УИХ-аар батлуулахад МХБ голлох үүрэгтэй оролцож ажилласан бөгөөд 2014 оны 01 сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх эдгээр хуулиудад нийцүүлэн хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг зохицуулах 10 гаруй дүрэм, журмуудыг шинээр болох шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлж байна.
- “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийг амжилттай хэрэгжүүлэхэд гол чухал угтвар нөхцөл болсон хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Тухайлбал, арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын цогц шийдэл бүхий “Миллениум Ай Ти” системийг 2012 оны 7-р сарын 2-ны өдрөөс Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлж, олон улсын жишигт нийцүүлсний зэрэгцээ, СЗХ, МХБ, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/, брокер дилерийн компаниуд үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ашиглаж байгаа билээ.
- Энэхүү системийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн төлбөр, тооцоог урьдчилсан төлбөрт хэлбэрээс “Т+3” горимд шилжүүлсэн нь гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд оруулах ажил идэвхжүүлж, үнэт цаасны кастодианы үйл ажиллагаа нэвтрүүлэх, гадны хөрөнгө оруулалтын сангуудыг Монголын зах зээлд оруулахад шийдвэрлэх ач холбогдолтой болно. Арилжааны төлбөр, тооцоог МонголБанк, арилжааны банкуудаар дамжуулан гүйцэтгүүлэх болж, клиринг банкны үйл ажиллагааг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлсэн нь олон улсын жишигт нийцүүлсэн чухал арга хэмжээ болсон юм.
- Монголын хөрөнгийн зах зээлд ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Лондонгийн академи-д 120 гаруй мэргэжилтнийг сургалтанд хамруулж, МХБ-ийн дотоодын сургалтыг сар бүр тогтмол явуулж, сүүлийн жилүүдэд 1000 гаруй мэргэжилтнийг бэлтгэн гаргалаа.
- Хөрөнгийн зах зээлийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах зорилгоор МХБ цахим хуудсаараа дамжуулан бүртгэлтэй хувьцаат компаниудын санхүүгийн тайлан, хувьцаа эзэмшигчдийн хурлын зар, мэдэгдэл, шийдвэрүүдийг цаг алдалгүй хүргэж байгаагийн үндсэн дээр, ХК-иудын засаглал сайжирч, тухайлбал өмнөх онд 97 компани санхүүгийн тайлангаа ирүүлсэн бол 2013 онд 217 болж 2.23 дахин өссөн үзүүлэлттэй байна.
- Түүнчлэн, хөрөнгийн зах зээлийн талаар ард иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд шаардлагатай бүхий л мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор МХБ-ээс үнэт цаасны зах зээлийн талаарх сургалтын материал, гарын авлагуудыг боловсруулан гаргаж, өөрийн цахим хуудсаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж байгаа билээ.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны талаар үндэслэлгүй, буруу ташаа мэдээлэл гарах болж, олон нийтийг төөрөгдүүлж байгаад Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн зүгээс харамсаж байгааг илэрхийлж дараах тодруулгыг хийж байна.
1. “Миллениум Ай Ти” системийг Монголын хөрөнгийн зах зээлд 2012 оны 7 дугаар сард нэвтрүүлснээс хойш өдгөө 1 жил гаруйн хугацаанд ямар нэг гэмтэл, саатал гараагүй хэвийн ажиллаж байна. Энэхүү системийг Лондонгийн хөрөнгийн биржийг оролцуулан дэлхийн 20 гаруй орны 30 гаруй хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаандаа ашигладаг бөгөөд арилжааны төлбөр, тооцоог “Т+3” горимоор хэрэгжүүлж, багцын арилжаа, тендер саналын захиалгыг тусдаа сангаар явуулах, маркет мэйкинг хийх, онлайн арилжаа явуулах зэрэг олон шинэ боломжууд нээгдсэн юм. Тухайлбал, 2013 оны 4 сараас эхлэн брокер дилерийн компаниуд алсаас буюу өөрсдийн офисоос онлайнаар арилжаанд оролцож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 15 брокерийн компаниуд онлайн арилжаа хийж байгаа зэргээр шинэ системийн ашиг тусыг бодитойгоор хүртэж эхэлсэн байна.
“Миллениум Ай Ти” систем нь арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын дэд системүүдээс бүрдэх бөгөөд анхдагч зах зээлийн /IPO/ системийг агуулдаггүй билээ. Энэ нь олон улсад анхдагч зах зээлийн захиалгын хуваарилалт, арилжааг хөрөнгийн бирж бус хөрөнгө оруулалтын банкууд хийдэг практиктай холбоотой юм. Дотоодын зах зээлийн онцлогийг харгалзан анхдагч зах зээлийн арилжааны системийг захиалан нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд компаниуд үнэт цаасаа анхдагч зах зээлд гаргах тохиолдолд арилжааг өмнөх системээр хэвийн явуулах боломжтой хэвээр байгаа болно.
Шинээр нэвтрүүлсэн энэхүү системийн ажиллагааг олон улсын стандартад нийцэж буй эсэхийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэхэд бэлэн байгаа тухайгаа МХБ-ээс удаа дараа илэрхийлж байгаа болно.
2. Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төслийн нийт зардлын төсвийг МУ-ын ЗГ-ын шийдвэрийн дагуу 14.2 сая ам.доллар байхаар тогтоосон бөгөөд энэхүү төсөвт МХБ болон ҮЦТТТХТ-ийн техник, технологийг шинэчлэх, боловсон хүчнийг чадавхижуулах, хууль эрх зүйн орчныг шинэчлэх зөвлөгөө, туслалцаагаар хангах зэрэг олон арга хэмжээ, ажил багтсан болно. Улсын төсвөөс энэхүү төсөлд 2011 онд 5.2 сая ам.долларын санхүүжилтыг олгосноос хойш дахин санхүүжилт аваагүй бөгөөд арилжааны банкуудаас 1.7 сая ам.долларын зээл авч, гэрээний хүрээнд нийтдээ 6.9 сая ам.долларын зарцуулалт хийгдсэн болно.
3. МХБ-ийн арилжааны хэмжээ сүүлийн жилд буурсан нь нийт арилжааны 90 орчим хувийг эзэлдэг гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсантай холбоотой бөгөөд Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын байдал сэргэх хүртэл түр зуурын шинжтэй гэж үзэж байна. МХБ-ийн зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын хөрөнгийн зах зээлийн талаар сурталчлах, үнэт цаас гаргаж, хөрөнгө босгох сонирхол бүхий аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд татан оролцуулах, хөрөнгө оруулагчдын мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, семинар, төрөл бүрийн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгааг дурьдах нь зүйтэй.
МХБ-ийн үйл ажиллагааны талаар бодит бус мэдээлэл гаргаж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь хөрөнгийн зах зээлийг шинэчлэн хөгжүүлэх томоохон зорилт тавин ажиллаж буй манай хамт олны бүтээлч үйл ажиллагааны урам зоригийг мохоож, аливаа мэдээ мэдээлэлд цочмог тус хөрөнгийн зах зээлд оролцох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээх сөрөг үр дагавартай болохыг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ