Монголын хөрөнгийн биржийн I ангилалд шинээр бүртгэгдсэн “Ард даатгал” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг нээж цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Ард даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Цогбадрах, “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн 5,808 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.
1994 онд байгуулагдсан, Монголын анхны хувийн даатгалын компани болох "Ард даатгал" ХК нь Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа бүртгүүлж буй даатгалын салбарын анхдагч компанийн нэг бөгөөд нийт 24 салбар, 238 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус компани нь өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор нийт хувьцааныхаа 30 хувь буюу 7,500,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 700 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 5.25 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр үнэт цаасны худалдан авах захиалгыг өнөөдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржийн бүх гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цаг хүртэл хүлээн авах юм.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ