Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн “FTSE групп”-ын Засаглал, бодлого хариуцсан захирал Крис Вүүдсээс 2012 оны 9-р сарын 26-ны өдөр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтайд албан тоот ирүүллээ. Уг албан тоотод Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг FTSE-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлд оруулахаар “Ажиглалтын жагсаалт”-нд (FTSE Watch List) багтаасан тухай мэдэгдэн баяр хүргэсэн байна.
Тэрээр, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК болон хөрөнгийн зах зээлд оролцогч талууд Монгол улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгө оруулагчдад нээлттэй болгох, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх ажилд богино хугацаанд ихээхэн амжилт гаргаж буйд баяртай байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.
Дэлхийн санхүүгийн төв Лондон хотноо байрладаг “FTSE групп” нь олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгаагаар тэргүүлэгч компани бөгөөд 80 гаруй улсын хөрөнгийн зах зээлийн, 120,000 гаруй индексийг арилжааны явцад шууд болон арилжааны эцэст тооцоолж гарган, зах зээлд мэдээлдэг билээ.
FTSE групп нь дэлхийн санхүүгийн зах зээлд асар том байр суурь, нэр хүнд бүхий байгууллага бөгөөд маш олон тооны мэргэжлийн хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалтын сангууд хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргахдаа зөвхөн “FTSE групп”-ийн индексийн тооцоолол, зах зээлийн мэдээлэлд суурилдаг билээ.
“FTSE групп”-ээс улс орнуудын хөрөнгийн зах зээлийг маш нарийн шалгууруудын дагуу, “Хөгжиж буй”-гаас “Өндөр хөгжсөн” хүртэл үндсэн 4 зэрэглэлээр ангилдаг. Улс орнуудын хөрөнгийн зах зээлийн зэрэглэлийг жилд нэг удаа тогтоодог бөгөөд аливаа зах зээлийг зэрэглэл дэвшүүлэх, бууруулахын өмнө нэг жилийн хугацаанд “Ажиглалтын жагсаалт”-нд оруулдаг байна.
Монголын хөрөнгийн зах зээл нь “Хөгжиж буй” зэрэглэлийн “Ажиглалтын жагсаалт”-д багтахад олон улсын жишигт нийцсэн арилжаа, төлбөр тооцоо систем, зах зээлийн дэд бүтцийг бий болгосон, зах зээлийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлсэн явдал чухал нөлөө үзүүлсэн билээ.
Ийнхүү FTSE-ийн ангилалд багтаж, “Хөгжиж буй” зах зээлийн зэрэглэлтэй болох нь манай хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчдыг нэвтрүүлэх, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах, үсрэнгүй хөгжиж буй салбаруудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг харьцангуй урт хугацаанд өртөг багатай санхүүгийн эх үүсвэрээр хангах алтан боломж бий байгааг Монголын хөрөнгийн биржээс дуулгахдаа таатай байна.
Зэрэглэл тогтоох үнэлгээний үр дүнгийн талаарх “FTSE групп”-ын албан ёсны мэдэгдэлтэй танилцана уу.
FTSE хөрөнгийн зах зээлийн зэрэглэл тогтоох үнэлгээний энэ жилийн үр дүнгээ зарлалаа.
Хөрөнгийн зах зээлүүдийн зэрэглэл тогтоох энэ жилийн үнэлгээг Зэрэглэл тогтоох хараат бус хороо гүйцэтгэж, тус Хорооноос санал болгосон өөрчлөлтийг FTSE –ийн Бодлогын Газар баталлаа. Энэ жил бүх зах зээлийн ангиллыг хэвээр нь үлдээсэн бөгөөд Аргентин, Монгол улсуудад дараа жилийн үнэлгээгээр зэрэглэл тогтоохоор “Ажиглалтын жагсаалт”-д орууллаа.
FTSE нь дэлхийн бүх улсуудын хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлийн жишиг стандартыг хангаж байгаа эсэхээр нь ангилан, шаардлага хангаж буй зах зээлүүдийг олон улсын хөрөнгө оруулагчид, зах зээлүүдтэй хамтран тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийн дагуу “Өндөр хөгжсөн” /Developed/, “Хөгжсөн” /Advanced Emerging/, “Шинээр гарч ирж буй” /Secondary Emerging/ эсвэл “Хөгжиж буй” /Frontier/ гэсэн дөрвөн зэрэглэлд ангилдаг. Ийнхүү тогтсон журмын дагуу зэрэглэл тогтоох нь зах зээлүүдийг үнэлэх тунгалаг, обьектив механизмыг бий болгодог билээ.
Аливаа улсын зах зээлийг “Ажиглалтын жагсаалт”-аар дамжуулан, зэрэглэл ахиулах эсвэл бууруулдаг бөгөөд тухайн зэрэглэлд багтахад хангалттай оноо цуглуулсан гэж Зэрэглэл тогтоох хорооноос үзсэн тохиолдолд тухайн улсын зах зээлийг Ажиглалтын жагсаалтад оруулдаг билээ. Ийнхүү зах зээлийг “Ажиглалтын жагсаалт”-нд оруулснаар дахин зэрэглэл тогтоох ажиллагааг хөрөнгө оруулагчдад ил тод болгодог юм.
Одоогийн байдлаар “Хөгжиж буй” хэмээх зэрэглэлд багтсан Аргентин улсыг олон улсын хөрөнгө оруулагчдад хөрөнгийн өндөр шалгуур тавьж байгаа явдал болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах хараат бус зохицуулагч байгууллага байхгүйгээс индекст зэрэг бууруулах буюу хасахаар “Ажиглалтын жагсаалт”-д оруулсан байна.
Харин, өөрийн зах зээлд олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зах зээлийн дэд бүтцийг амжилттай бий болгоход гаргасан ахиц, дэвшлийг нь харгалзан үзэж, одоогоор индекст багтаагүй Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг “Хөгжиж буй” зэрэглэлийн “Ажиглалтын жагсаалт”-д нэмлээ.
Монголын Хөрөнгийн Бирж
Мэдээллийн Алба