Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, санхүүгийн салбарын мэргэжлийн холбоод хамтран энэ оны 11 дүгээр сараас Цахим залилангийн гэмт хэргийг бууруулах чиглэлээр ард иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой “Хашир бай” аяныг зарласан.
Монголын хөрөнгийн бирж нь ард иргэдийг аливаа мэдээлэлд ул суурьтай хандан, хувь хүн, цахим платформууд, олон нийтийн сүлжээгээр дамжуулж танд санал болгож буй “Богино хугацаанд их ашиг олох боломжтой” гэх агуулга бүхий аливаа мэдээллийг шийдвэр гаргахаасаа өмнө нягтлах, тухайн платформ нь хөрөнгийн зах зээлд албан ёсны үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллагынх мөн эсэхийг баталгаажуулахыг зөвлөж байна.

Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаагаар Хувьцаа, Бонд, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд нээлттэй арилжаалдаг бөгөөд арилжаанд оролцох иргэд, хөрөнгө оруулагчдыг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан, Монголын хөрөнгийн биржийн гишүүн эдгээр үнэт цаасны компанийн хөрөнгө оруулалтын зөвлөхүүдээс зөвлөгөө, зохих мэдээллийг авсны үндсэн дээр хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахыг зөвлөдөг.
Статистик мэдээллээс харахад 2025 оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт 41,844 гэмт хэргийн 14,694 буюу 35.1 хувийг залилах гэмт хэрэг эзэлсэн. Үүнээс цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 10,637 байсан бол үүний 85.3 хувийг санхүүгийн залилах гэмт хэрэг эзэлж, хохирогчдод нийт 19.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Цахим орчинд үйлдэж буй гэмт хэргийн дийлэнх нь олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк хаяг ашиглаж мөнгө шилжүүлэхийг хүсэх, телеграмм хаягаар даалгавар биелүүлж ашиг олохыг амлах, зээлийн эрх нэмэгдүүлэх нэрээр хувийн мэдээлэл авах зэрэг хэлбэрүүд хэрэгждэг.
Иймд иргэд, хөрөнгө оруулагчид та бүхнийг аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийн, нягталж занших, хашир байхад уриалж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



