• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

45990.95

( 887.24 1.97% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 45990.95 887.24
MSE A Индекс 17776.65 364.75
MSE B Индекс 13709.36 43.8

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-09 14:30:00

Энэ өдөр нийт 17,905,745,844 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МЭНДЧИЛГЭЭ

2024-07-09 14:21:09

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулж хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй эрхэм хөрөнгө оруулагчид, зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд, нийт ажиллагсад, өргөн түмэн наадамчдадаа баярын мэнд дэвшүүлье.

БИРЖЭЭР 13.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ҮНИЙН ДҮН БҮХИЙ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН АРИЛЖААЛЛАА

2024-07-09 13:46:57

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаярын ярилцлагыг хүргэж байна.

Мэдээ мэдээлэл

БИРЖЭЭР 13.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ҮНИЙН ДҮН БҮХИЙ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН АРИЛЖААЛЛАА

2024-07-09 13:46:57

    Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл “амь орсон” гэхэд болно. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк болон Төрийн банк, Голомт банкууд олон нийтэд хувьцаагаа санал болгосноор нийт 446.8 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлжээ. Түүнчлэн үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, өрийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүнүүдийг бүртгэн олон нийтэд санал болгож, 140 гаруй тэрбум төгрөгийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгуулсан байна. Үүний зэрэгцээ дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөг давж, дотоодын нийт бүтээгдэхүүний 16.9 хувьд хүрсэн. 2023 онд “Монголын хөрөнгийн бирж” ХК FTSE Russell-ийн “Хөгжиж буй” зах зээлийн зэрэглэлд орсон нь хөрөнгийн зах зээлийг олон улсад урагш ахиулав. Ийнхүү хөрөнгийн зах зээлийн идэвхжилтэй холбогдуулан “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяртай ярилцлаа. 

-Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа нэлээд өргөжин хөгжиж байна. Компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарч, хөрөнгө мөнгө босгох сонирхол нэмэгдсэн. Банкууд ч гарлаа, бас уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалж байна. Энэ бүхэн эдийн засагт ямар үр ашиг авчирч байгаа вэ?

-Хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд амжилттай хүрээгээ тэлж, бирж дээр гарч байгаа шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэн, компаниуд нээлттэй болох үйл явц эрчимжиж, зах зээл дээр тоон болон чанарын ахиц дэвшил нэлээд гарлаа. Мөн Монголын хөрөнгийн биржээр дамжуулж уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалж эхэлсэн нь биржийн үйл ажиллагааг тэлэхэд асар хурдтай нөлөө үзүүлж байна.

Анх 2005 онд “Монгол шилтгээн” IPO хийснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 38 компани хөрөнгийн биржээр дамжиж нээлттэй компани болж, манай зах зээл дээрээс нийт 704 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татаад байна. Бизнесийн салбарынхны хувьд хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах замаар хөрөнгө босгох сонирхол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэнээр 2021 онд хоёр, 2022 онд зургаа, 2023 онд таван компани нээлттэй компани болсноос гадна 2021 онд зургаа, 2022 онд гурав, 2023 онд долоон компани нэмж хувьцаа гаргах замаар хөрөнгө санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлээд байна. Бирж 2019 онд сангийн нэгж эрх бүртгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгосны дараа 2020 онд “Үндэсний хувьчлалын сан”, 2021 онд “Мандал ирээдүйн өсөлт” хөрөнгө оруулалтын сан бүртгэгдэж, хөрөнгийн захаас 55 тэрбум төгрөг татан төвлөрүүлснээр зах зээлд сангийн нэгж эрх гэх шинэ бүтээгдэхүүн нэвтэрсэн юм. Мөн 2020 оноос эхлэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас биржээр арилжигдаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 9 төрлийн ХБҮЦ олон нийтэд нээлттэй арилжигдаж байна.

Ийнхүү хувьцаа, бонд гэсэн хоёр төрлийн үнэт цаас арилжаалж байсан Монголын хөрөнгийн бирж нь өнөөдрийн байдлаар бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн дөрвөн төрлийн үнэт цаас,  хэд хэдэн төрлийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулах болсноор нь хөрөнгийн зах зээлийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх эерэг үзүүлэлт болсон гэж харж байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа биржээр зохион байгуулагддаг болсон нь улсын эдийн засагт тодорхой ач холбогдлоо авчирсан. 

Мөн хөрөнгийн зах зээлийг дэмжихээр төр засгаас хэрэгжүүлсэн бодлогын хүрээнд системийн нөлөө бүхий банкууд IPO хийж, олон нийтэд хувьцаагаа санал болгосноор нийт 446.8 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. Үүнээс Хаан банк хамгийн өндөр буюу 183 тэрбум төгрөгийг босгосон. Эдгээр банкууд татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө зарцуулалтыг журмын дагуу биржид ирүүлдэг. Банкуудын тайлангуудаас харахад хөрөнгийн захаас босгосон хөрөнгөө үнэт цаасны танилцуулгад заасны дагуу зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулах, харилцагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээгээ түргэн шуурхай болгох чиглэлд зарцуулсан байна.

Түүнчлэн төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулахаар Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын дагуу бусад төрийн аж ахуйн нэгжүүдийг түүчээлэн Монголын хөрөнгийн бирж өөрөө 2022 онд нээлттэй компани болсон ба уг төр засгийн бодлогын хүрээнд дараа дараагийн төрийн өмчит компаниуд нээлттэй хувьцаат компани болох үйл явц үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байна.

Хөрөнгийн зах зээл 2018 онд Монголын санхүүгийн салбарын ердөө 8 хувийг эзэлдэг байсан бол зах зээлийн идэвхжлийн нөлөөгөөр 2021-2022 онд 12 хувь, 2023 оны эцсийн байдлаар 16 хувийг эзэлж байна. Мөн 2023 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүний 16.9 хувьтай тэнцэх болсон. Цаашид үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд бүртгэгдсэнээр уг үзүүлэлт нэлээд нэмэгдэх хүлээлттэй байна.

-Ер нь хөрөнгө оруулалт гэж юу вэ? Хөрөнгийн биржийн бүтээгдэхүүн үйлчилгээ, харилцагчид өгч буй өгөөжийн талаар мэдээлэл өгнө үү? 

-Ашиг олох, хөрөнгөө өсгөх зорилгоор тодорхой нэг хөрөнгөд мөнгөө оруулахыг хөрөнгө оруулалт гэж энгийнээр ойлгож болно. Ард иргэдийн хувьд хөрөнгө оруулалтын хэд хэдэн сонголт байна. Банкинд хадгалуулан хүүгийн орлого олох, үл хөдлөх хөрөнгө, эсвэл бонд, хувьцаа зэрэг үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх. Хувьцаа нь танд ногдол ашиг хүртэх, үнийн зөрүүгээс ашиг олох гэсэн мөнгөөр хэмжигдэх үр өгөөжийг өгнө. Мөн хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгөх, үр хүүхдэдээ өвлүүлэх зэрэг мөнгөөр илэрхийлэгдэхгүй бусад өгөөжийг нэрлэж болно.

Биржид бүртгэлтэй компаниудын хувьд ногдол ашиг олгодог компаниудын тоо, ногдол ашгийн хэмжээ жил тутам нэмэгдсээр байна. Тухайлбал, 2021 онд 37 компани цэвэр ашгаасаа 161.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан бол энэ үзүүлэлт 2022 онд 47 компани 212.8 тэрбум төгрөг, 2023 онд 44 компани 653.2 тэрбум төгрөг болж өссөн. Компаниуд ерөнхийдөө цэвэр ашгийнхаа 100 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний ногдол ашгийг хуваарилах боломжтой.

Нийт дүнгээр нь авч үзвэл 2005 оноос хойш нээлттэй болсон 38 компани 704 тэрбум төгрөгийн хөрөнгийг анхдагч зах зээлээс босгожээ. Үүний 63 хувийг нь банкууд, үлдсэн 32 компани 300 орчим тэрбум төгрөгийг босгосон. Эдгээр компаниудын хувьцааны зах зээлийн үнээс харахад компанийн хувьцааны үнэ анх зах зээлд гаргасан үнээсээ хамгийн багадаа 2%-иар, хамгийн ихдээ 14.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь эдгээр компаниудын хувьцаа эзэмшигчдийн үнэ цэн хэрхэн өссөнийг харуулж байгаа юм. Тухайлбал, биржийн хувьцаа анх зах зээлд гарахдаа 100 төгрөгөөр арилжаалагдсан бол жилийн дараа нэгж хувьцааны үнэ 300 төгрөг болж өссөн. Энэ нь тухайн үед 10 сая төгрөгөөр хувьцаа авсан хүний хөрөнгө оруулалтын үнэ цэн нэмэгдэж, жилийн дотор 30 сая төгрөг болсон гэсэн үг юм. 

Мөн Хөрөнгийн биржид бүртгэлтэй хорь орчим компанийн бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, өрийн хэрэгслүүд арилжаалагдаж байна. Үүнээс зөвхөн 2023 онд найман компани бонд гаргасан байдаг. Эдгээр өрийн хэрэгсэл нь хувьцаатай харьцуулахад эрсдэл багатай хөрөнгө оруулалт.

Хөрөнгө оруулагчид хөрөнгийнхөө үнэ цэнийг өсгөж, ашиг олох боломжтой хэдий ч зарим үед алдах эрсдэл бий. Иймээс олон төрлийн хөрөнгөд тараан байршуулж, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулж болно. “Бүх өндгөө нэг сагсанд бүү хий” гэсэн хөрөнгө оруулалтын алтан дүрэм байдаг шүү дээ.

Нөгөө талаас үнэт цаас гаргагчдын хувьд хямд өртөгтэй, урт хугацаат хөрөнгө босгоход нь дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, зах зээлийн хөгжлийг дэмжих үүднээс бирж сүүлийн жилүүдэд шимтгэл, хураамжаа үе шаттайгаар бууруулан ажиллаж байна. Тухайлбал, 2022 онд хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хураамжийг 50-75 хувиар, компанийн бонд бүртгэх хураамжийг 36 хүртэлх хувиар, хувьцаа бүртгэх хураамжийг 10-40 хувиар тус тус бууруулсан.

-Он гарснаар хөрөнгийн биржид хэд, хэдэн арилжаа явагдлаа. Хамгийн сүүлд “Улаанбаатар бонд” нэлээн өндөр дүнтэй арилжаа хийх шиг боллоо?

-Он гарснаас хойш хоёр компанийн хувьцаа бүртгэгдэн, арилжаалагдсан. Үүний нэг нь “Эм Жи Эл Акуа” ХХК цэвэр усны компани IPO гарган, 15 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Энэ компани цэвэр усны үйлдвэрлэлийн салбарт хүрээгээ тэлж, шинэ бүтээгдэхүүн гаргах, ногоон үйл ажиллагаа явуулах зорилготой. Дараагийнх нь “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллага нэмж үнэт цаас гарган, 8.9 тэрбум төгрөгийг анхдагч зах зээлийн арилжаанаас амжилттай татан төвлөрүүлсэн. Мөн 35 тэрбум төгрөгийн үнэлгээтэй Бэрс-3 ба Бичил -3 гэх нэртэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цааснууд шинээр арилжигдлаа. Бондын тухайд, “Ашид капитал ББСБ” 24 тэрбум төгрөг, Нийслэл 500 тэрбум төгрөгийг тус тус манай биржээр дамжуулан дотоодын зах зээл дээрээс босголоо. Нийт дүнгээр нь харахад 2024 оны эхний зургаан сарын байдлаар 788 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан байна. Үүнээс 564 тэрбум төгрөг нь бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа, 177 тэрбум төгрөг нь хувьцаа, 44 тэрбум нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 2.8 тэрбум нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа байлаа.

Түүнчлэн өнгөрсөн жил хөрөнгийн бирж дээр нийт 725 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 788 тэрбум төгрөгийн арилжаа явагдаад байгаа нь хөрөнгийн зах зээлийн хүрээ хэрхэн тэлж байгааг харуулж байна. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай, энэ идэвхжил жилийн турш хадгалагдах болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Өнгөрсөн жилээс эхлээд уул уурхайн бүтээгдэхүүнийг хөрөнгийн биржээр дамжуулж арилжаалж байгаа. Одоогоор хичнээн тонн бүтээгдэхүүн арилжаалсан, үр дүн нь ямар байна вэ? 

-УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталж, Санхүүгийн зохицуулах хорооноос “Монголын хөрөнгийн бирж” ХК-д уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосноор Монгол Улсад анхны уул уурхайн бүтээгдэхүүний бирж үүссэн. 2023 оны хоёрдугаар хагасаас эхлээд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн болон орон нутгийн өмчийн компаниуд биржээр дамжуулж уул уурхайн бүтээгдэхүүнээ арилжаалах үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн компаниуд нүүрс, төмрийн хүдрийг арилжаалж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны хагас гэхэд гурван сая тонн, жилийн эцсээр 15.6 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалсан байна. Үүний 14.9 сая тонн нь нүүрс, 677 мянган тонн нь төмрийн хүдэр, баяжмал байсан. Нүүрсний арилжааны дийлэнх хувийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс, харин төмрийн хүдэр, баяжмалын хувьд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-ын төмрийн хүдэр эзэлж байна. 

-Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалсны ач холбогдол нь ямар байгаа вэ? 

-Экспортод гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа өмнө ил тод бус, ямар үнээр арилжаалж байгаа нь тодорхойгүй байсан. Тэгвэл арилжааг биржээр зохион байгуулснаар зах зээлийн бодит ханш тогтож, арилжааны талаар үнэн зөв мэдээллээр хангагдах боломжтой болсон. Олон өрсөлдөгч арилжаанд оролцох тусмаа бүтээгдэхүүний үнэ өсөх боломж нэмэгдэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүн биржээр арилжаалж эхэлснээс хойш 2024 оны 06 дугаар сарын 20-ны байдлаар нийт 30.7 сая тонн буюу 13.5 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүнийг арилжаалаад байна. Ам.долларт шилжүүлбэл 4 орчим тэрбум ам.доллар Монголын банк, санхүүгийн байгууллагаар дамжиж Монгол Улсад орж ирсэн. Үүнийг дагаад улсын валютын нөөц, эх үүсвэр нэмэгдэж байна. Нөгөө талдаа компаниудын бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс олох орлого нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр арилжаалж буй компаниудын үнийн өсөлтөөс олсон нэмэлт орлого 685 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь тухайн компанид ч ашигтай, улсад орох татварын хэмжээ ч өссөн. Түүнчлэн, биржийн арилжаагаар тогтсон үнэд суурилан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцдог болоод байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК эрчимтэйгээр нүүрс арилжаалж одоогийн байдлаар 10.5 сая тонн, харин “Энержи ресурс” ХХК 2.9 сая тонн нүүрс тус тус арилжаалсан. Энэ оны эхний хагас жилд өнгөрсөн жил арилжаалсан хэмжээтэй дүйцэхүйц уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалах төлөвтэй байна.

 

Монголын хөрөнгийн бирж нүүрс, төмрийн хүдэр арилжаалж байсан бол энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэс арилжаалж эхэлсэн. Энэ жилдээ бага хэмжээгээр туршилтын арилжаа явагдана. Тус үйлдвэр нь 2025 оноос биржээр арилжаалах зэсийн хэмжээгээ нэмэгдүүлж, 2026 оны эцэс гэхэд 100 хувь биржээр арилжаална. Түүнчлэн “Монголросцветмет” ТӨҮГ биржээр анх удаа жонш арилжаалсан. Ийнхүү биржээр арилжаалж буй уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдсээр байна. Энэ нь цаашлаад эдийн засагт үзүүлэх нөлөөллийг улам нэмэгдүүлнэ. Хуулиар төрийн болон орон нутгийн өмчийн компани бүтээгдэхүүнээ биржээр арилжаалах зохицуулалттай боловч хувийн компаниуд арилжаанд орж байгаа нь талархууштай байна. Тухайлбал, “Энержи ресурс” ХХК, “МАК” ХХК, “Андын илч” ХХК, “Хангад эксплорэйшн” ХХК ч биржээр нүүрс арилжаалж байгаа юм.

-Уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр арилжаалах хүсэлтэй компанийн тоо нэмэгдэх хандлага байна уу? Худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд хэрхэн ажилладаг вэ?

-Компаниуд идэвхжиж байна. Одоогоор нэмж таван компани бүтээгдэхүүнээ биржээр арилжаалах хүсэлтээ илэрхийлсэн. Бид бүртгэл, судалгааны ажлуудаа хийж, зохих шаардлагуудыг тавьдаг. Түүнчлэн тээвэрлэгч, агуулах, терминал, лабораториудыг бүртгэн итгэмжлэл олгохдоо заавал шалгах ёстой. Үүний цаана худалдан авагчийн эрх ашиг байгаа шүү дээ. Биржээр арилжаалагдаж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг БНХАУ-аас гадна Солонгос, Сингапур, АНУ-ын компаниуд худалдаж авдаг. Арилжаалж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг Монгол Улсаас Гашуунсухайт, Бичигт, Замын-Үүд боомт хүртэл тээвэрлэх нөхцөлтэй. Хилээс цааш худалдаж авсан тал тээврээ хариуцдаг. 

-Санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг улам хурдасгахад Монголын хөрөнгийн бирж цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Энэ оны бизнес төлөвлөгөөнд хэд, хэдэн зорилт тусгасан. Нэгдүгээрт, бирж өөрөө нээлттэй, жишиг, түүчээлэгч хувьцаат компани болох зорилт тавьсан. Нээлттэй компани болсон тул Санхүүгийн зохицуулах хороо болон өөрийн бүртгэлийн шалгуур, шаардлагуудаа хангах, тогтмол биелүүлэх үүргээ хэрэгжүүлэх, Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмуудыг дагаж мөрдөх ёстой. Мөн хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Хөрөнгийн биржийн хувьцааны 66 хувийг Сангийн яам эзэмшдэг. Сангийн яамнаас “Нээлттэй хувьцаат компани болсон бол хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлж ажилла” гэсэн чиглэл өгдөг.

Хоёрдугаарт, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах бодлого баримталж байна. Үүний тулд хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Тухайлбал, хөрөнгийн зах зээлийг тэлэх, мэргэжлийн оролцогч байгууллагуудтай хамтран үнэт цаас гаргахаар сонирхож буй компаниудад мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх зорилгоор “IPO хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг санаачлан, цаашид арга хэмжээнийхээ цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОР-100 компаниудыг нээлттэй компани болоход мэдээллээр хангах, зөвлөгөө, сургалт явуулах, үйл ажиллагааг сурталчлах ажлыг хийж байна. Үүний зэрэгцээ бирж нь “Монгол нүүрс ассоциаци”, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”-той хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааны хэтийн төлөв болон уул уурхайн компаниудыг нээлттэй компани болох чиглэлд хамтран уриалж ажилладаг.

Мөн Биржид бүртгэлтэй 171 хувьцаат компанийн тоог 200-300 хүргэх зорилго тавиад явж байна. Ард иргэд, аж ахуйн нэгжүүд сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгөө нээлттэй компанид хөрөнгө оруулснаар тухайн компанийн өсөлтийг хангахын зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөөг дээшлүүлэх юм.

Мөн зах зээлд олон улсын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх үүднээс биржийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2023 онд Хонг Конгийн хөрөнгийн бирж, Шанхайн хөрөнгийн бирж дээр Санхүүгийн зохицуулах хороо болон зах зээлийн бусад оролцогчдын хамт “Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг” зохион байгуулж, олон улсын 200 гаруй хөрөнгө оруулагчдад зах зээлээ сурталчлан, хөрөнгө оруулах боломжийг танилцуулсан. Түүнчлэн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Солонгосын хөрөнгийн биржтэй шинээр харилцаа тогтоолоо. Мөн Будапештын хөрөнгийн бирж, Шанхайн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, цаашид үүсмэл үнэт цаас, сангийн нэгж эрх болоод хамтарсан бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, зах зээлийн мэдээлэл солилцох, судалгаа, шинжилгээ хийх зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Мөн энэ оны есдүгээр сард Хонг-Конгийн хөрөнгийн биржтэй дахин уулзалт өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Үүнээс гадна олон улсын хөрөнгө оруулагчдыг татахын тулд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох шаардлагатай тул бүртгэлийн шалгуур, шаардлагыг өндөрсгөх, бүртгэлтэй компаниудын засаглалыг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, БОНЗ-ын зарчмуудыг хэрэгжүүлэгч компаниудын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахын тулд дотоодын зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, олон улсын хөрөнгийн зах зээлд түгээмэл арилжаалагддаг бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын зах зээлд нэвтрүүлэх шаардлагатай. Тиймээс энэ онд хувьцаа, индексэд суурилсан үнэт цаас, богино арилжааны талаар судалж, ирэх жилүүдэд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

-Гадаадын хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэх чиглэлд хэрхэн анхаардаг вэ?

Гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд зах зээлийн мэдээ, мэдээллийн тэнцвэртэй байдал, хүртээмж чухал үүрэгтэй. Бирж энэхүү тэнцвэрт байдлыг хангах үүднээс бүртгэлтэй компаниудаас ирүүлсэн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, хурлын шийдвэр зэрэг мэдээллийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид нэгэн зэрэг хүлээн авах боломжийг бүрдүүлэх үүднээс өөрийн цахим хуудсанд англи, монгол хэлээр тогтмол нийтлэх, биржийн үйл ажиллагааг зохицуулж буй хууль, дүрэм журмуудыг англи хэл дээр бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн олон улсын хөрөнгө оруулагчдад зориулж мэдээллийн Блүүмберг, Эксчэнж дата интернэшнл, болон Рефинитив агентлагуудаар дамжуулан бүртгэлтэй компаниудын арилжааны болон үйл ажиллагааны мэдээллийг англи хэл дээр тогтмол нийлүүлдэг.

2023 оны 9 дүгээр сард олон улсын хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны тэргүүлэгч байгууллага Их Британийн “FTSE Russell” групп Монголын хөрөнгийн зах зээлийг “Frontier” зах зээлийн ангилалд оруулсан. Ингэснээр тус байгууллагаас тооцон гаргадаг индексийг дагаж индексийн бүрэлдэхүүнд багтсан үнэт цаасанд хөрөнгө оруулах хөрөнгө оруулалтын сангууд биржид бүртгэлтэй тус индексийн бүрэлдэхүүнд багтсан компанийн хувьцаанд хөрөнгө оруулах эхлэл тавигдах тул цаашид хоёрдогч зах зээлийн арилжаа идэвхжих хүлээлттэй байна. Иймд бид бүртгэлтэй компаниудыг “Frontier” индексийн бүрэлдэхүүнд оруулахын тулд шалгуурыг хангах төлөвлөгөө боловсруулж, зах зээлийн оролцогч болон бүртгэлтэй компаниудтай хамтран ажиллах болно.

-Хөрөнгийн зах зээл хүрээгээ тэлж, идэвхжиж байна. Гэтэл нөгөө талд иргэдийн дийлэнх нь хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг. Энэ зах зээл дээр хөрөнгө босгоё гэвэл мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах боломж байдаг уу? 

Хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй 51 үнэт цаасны компани бий. Эдгээр үнэт цаасны компанийн бүхий л брокерууд харилцагчаа зөвлөгөө, мэдээллээр хангаж ажилладаг. Ард иргэд эдгээр компаниудаас сонгон өөрийн биеэр эсвэл цахимаар холбогдон арилжаа, хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө авах боломжтой. Тэд харилцагчийг үнэт цаасны талаар мэдээлэл, судалгаагаар хангах, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад зөвлөгөө өгч ажилладаг.

Үүнээс гадна Монголын хөрөнгийн бирж олон нийт, хөрөнгийн зах зээлийн оролцогчдын боловсролыг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлийн мэдээллийг хүртээмжтэй түгээх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг сар бүр зохион байгуулж ирсэн. Хойшид энэхүү сургалтаар цахим контент боловсруулах, дунд шатны сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн алслагдсан бүс нутгийн ард иргэдийг зах зээлийн мэдээ мэдээллээр хангах зорилгоор Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан сургалтыг орон нутагт зохион байгуулж ирсэн. Цаашид биржийн зүгээс олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэх чиглэлд идэвхитэй, санал, санаачилгатай ажиллах болно.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: https://mongolianeconomy.mn/%D0%B6-%D1%86%D0%BE%D0%B3%D1%82%D0%B1%D0%B0%D1%8F%D1%80-%D0%B1%D0%B8%D1%80%D0%B6%D1%8D%D1%8D%D1%80-13-5-%D0%B8%D1%85-%D0%BD%D0%B0%D1%8F%D0%B4-%D1%82%D3%A9%D0%B3%D1%80%D3%A9%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD/