2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “IPO Mongolia 2022” форум нь “Хүртээмжтэй Хөрөнгийн зах зээл” сэдвийн доор амжилттай зохин байгуулагдлаа.
“IPO Mongolia 2022” форумд төр, хувийн хэвшил, олон улсын хөгжлийн байгууллагууд, ТОП 100 аж ахуйн нэгжийг төлөөлөл, санхүүгийн салбарын оролцогчид болон хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудын төлөөллүүд оролцон бүтэн өдрийн турш чууллаа.
Чуулга уулзалтаар хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудыг биржээр дамжуулан нээлттэй хувьцаат компани болгох ач холбогдол, IPO хийхэд компанийн үнэлгээний үр өгөөж, олон улсын стандартууд, гадаадын хөрөнгө оруулалт татах боломж, банкны салбарын реформ, бондын зах зээл болон тогтвортой хөрөнгийн зах зээл зэрэг өргөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх гарц, шийдлийг хайлаа.
Тус форум нь үндсэн таван хэлэлцүүлгээс бүрдсэн бөгөөд “Нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргах /IPO/-ны ач холбогдол болон сайн туршлага” хэлэлцүүлэгт Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай оролцсон бөгөөд тэрээр хэлэхдээ “Монголын Хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжил, идэвхийг нэмэгдүүлэхийн тулд дотоодын топ аж ахуйн нэгжүүдийн IPO-г хөрөнгийн биржээр дамжуулан гаргах нь нэн чухал гэдгийг онцлоод, МХБ-ийн зүгээс үнэт цаас бүртгэх хураамжийг 10-75 хүртэл хувиар, үнэт цаас гаргагчийн анхдагч зах зээлийн арилжааны шимтгэлийг тэглэх зэрэг өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байна” гэлээ.
Түүнчлэн “Тогтвортой Хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, БОНЗ-ын тайлагнал, ил тод байдлыг Монгол Улсад нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэгт Дэд захирал Т.Хаш-Эрдэнэ оролцож тогтвортой санхүүжилт түүний олон улсын чиг хандлага болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ