Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Мобифинанс ББСБ" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан "МонПэй" бондын хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Лхагва, “Мобифинанс ББСБ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Үнэнбат, андеррайтер “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар оролцож Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6,597 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.
Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл идэвхижихийн хирээр нээлттэй бонд гаргах компаниудын тоо нэмэгдэж байна. Тухайлбал, энэ онд Монголын хөрөнгийн бирж дээр нийт 4 компанийн 720 гаруй тэрбум төгрөгийн бонд бүртгэгдсэн бөгөөд хоёрдогч зах зээлд нийт 300 гаруй тэрбум төгрөгийн бонд арилжигдсан байна.
Мобиком группийн охин компани болох "Мобифинанс ББСБ" ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 12 сарын хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,000 ширхэг нээлттэй бондыг Монпей аппликейшнээр дамжуулан анхдагч зах зээлд гарган арилжаалж 1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.
Тус бонд нь ийнхүү 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хоёрдогч зах зээлд MSE:MNPY-BD-16/11/22-C0023-14 үсгэн кодтойгоор арилжигдаж эхэллээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ