• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43208.05

( 52.86 0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43208.05 52.86
MSE A Индекс 16788.18 33.1
MSE B Индекс 12181.32 -43.38

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРЫН УДИРДЛАГУУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

2024-05-02 20:06:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, товлосон сэдвийн хүрээнд баг хамт олны мэдлэг, мэдээллийг баяжуулах, практик сургалтад хамруулах, биржийн үйл ажиллагаатай танилцах, аялал хийх боломжийг олгодог.

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

2024-05-02 11:38:02

Тус компани нь нэг бүр нь 2.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 327,555,616 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байна. 

Мэдээ мэдээлэл

Х.АЛТАЙ: ХӨРӨНГИЙН БИРЖ БОЛ ХУВЬЧЛАЛЫН ХАМГИЙН ЭРҮҮЛ ТАЛБАР

2016-10-25 10:47:48

-Хөрөнгийн зах зээлийг иргэддээ ойртуулах нь чухал байна-

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтайтай ярилцлаа. Түүний хувьд Хөрөнгийн бирж шинэ газар биш. Энэ утгаараа зах зээлийн хүндрэл, бэрхшээл, алдаа, оноог тэрээр мэдэх нэгэн билээ.

-Монголын хөрөнгийн биржийн санхүүгийн байдал нэлээд хүндэрсэн гэсэн. Нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

-Монголын эдийн засаг хямралтай, нөхцөл байдал нэлээд хүндэрлээ. Үүнээс шалтгаалж байгууллагын санхүүгийн үзүүлэлт ч амаргүй байна. Гэхдээ Хөрөнгийн биржийн алдагдлыг цаашид бууруулах, улмаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Хөрөнгийн зах зээл хөрөнгө босгох механизм. Гэтэл өнөөдрийг хүртэл дотоодын хөрөнгийн зах зээл маань сонгодог утгаараа хөгжиж хараахан чадаагүй байна. Ололт, дэвшил энэ зах зээлд бий. Үүнийг үгүйсгэх аргагүй. Тодруулбал, хууль эрх зүйн зохицуулалт талаасаа Монгол Улс харьцангуй өндөр түвшинд хөгжсөн. Энэ нь зах зээл цаашид хөгжих давуу тал болж байна. Үнэт цаасны тухай шинэ хуульд зах зээлд шаардлагатай нэмэлт зохицуулалт тусгагдсан. Үүнийг амьдрал дээр ажил хэрэг болгох хэрэгцээ, шаардлага нэлээн бий. Тэгэхээр бирж дээрх боломжууд улам нээлттэй болох юм.

-Та “Хөрөнгийн зах зээл хөрөнгө босгох механизм. Гэтэл өнөөдрийг хүртэл дотоодын хөрөнгийн зах зээл маань сонгодог утгаараа хөгжиж хараахан чадаагүй байна” гэлээ. Тухайлбал, ямар хүндрэл тулгарч байна вэ?

-Хөрөнгийн зах зээл зарчмынхаа дагуу ажиллаж чадалгүй явсаар өдий хүрсэн. Өнгөрсөн хугацаанд өмч хувьчлалыг хөрөнгийн биржээр дамжуулан хийсэн. Энэ хүчээрээ л явж байна. Тиймээс дотоодын хөрөнгийн зах зээлээс компани, аж ахуйн нэгж хөрөнгө босгодог, улмаар өгөөж хүртдэг, үр дүнтэй ажиллах нь чухал байгаа. Хууль эрх зүйн орчинд томоохон ахиц дэвшил гарсныг дээр дурдсан. Харин төлбөр тооцооны систем хүндрэлтэй хэвээр байна. Зах зээлийн мөнгөн гүйлгээний дэд бүтцийг цэгцлэх шаардлага үүсээд байгаа. Үүнийг сайжруулах нь зах зээлийн хөгжилд эерэг үр нөлөө авчирна. Нэн тэргүүнд төлбөр тооцооны асуудлыг цэгцлэснээр зах зээлд шинэ индекс нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Зах зээлийн хөрвөх чадвар ч дээшилнэ гэсэн үг. Гадаадын томоохон хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг татах боломж үүгээр нээгдэх бололцоотой.

-Монголын хөрөнгийн бирж Лондоны хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа үүсгэж, олон жилийн өмнөөс хамтран ажиллаж эхэлсэн. Тухайн үед та үүнийг эхлүүлж, шинэчлэлийн гол ажлын ард гарсан хүн. Энэхүү түншлэл цаашид хэвээр үргэлжлэх үү?

-Лондоны хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал хамтын ажиллагаа үргэлжилж байгааг саяхан онцолж байсан. Энэхүү түүхэн түншлэл цаашид ч үргэлжилнэ гэж ойлгож байгаа. Хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд манай улсын хөрөнгийн зах зээлд цогц системийг нэвтрүүлж, арилжааны дэд бүтцээ олон улсын түвшинд хүргэсэн. Энэ нь хамтын ажиллагааны томоохон ололт байсан. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудыг Лондон болон олон улсын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх нөхцөл бүрдсэн. Энэхүү боломжийг бид ашиглах хэрэгтэй байна. Тулгуур дэд бүтцийн нэг томоохон шинэчлэл нь дээрх систем юм.

-Давхар бүртгэлийн асуудлыг та өмнө нь нэг бус удаа хөндөж байсан. Үүнийг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ?

-Монголоос гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нэлээдгүй компани байдаг. Эдгээр компанийн хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах, дэд бүтэц талаасаа үүд нээгдсэн. Үүнийг амьдралд хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байна. Тиймээс ажил хэрэг болгохоор анхаарч эхэлсэн. Хэрэгжүүлэх шаардлага нь зөвхөн манай талын хүсэлтээс гадна компаниудад ч бидэнтэй ижил сонирхолтой байгаа. Энэ утгаараа хоёр талаасаа уулзах боломж илүү бүрдэх юм.

Хэдийгээр гадаадын шууд хөрөнгө оруулалттай ч, Монголд нэгэнт үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах, бүтгүүлэх шаардлага ч тэдгээр компаниудад нэг талаар байна. Монголд буюу дотоодод хувьцаа гаргаснаар Монголын хувьцаат компани, монголын иргэдтэй холбогдож, санхүүгийн их, бага хэмжээний хэлхээ харилцаа, хамаарал энд бий болох юм. Тухайн компаниудын хувьд мөнгө босгохоос илүүтэй Монголтой холбож өгөх гүүр нь дотоодын хөрөнгийн зах зээл байна гэсэн үг. Энэ ажлыг хийхэд бирж хоорондын хамтын ажиллагаа, зохицуулах байгууллагын оролцоо, олон улсын харилцаа мэдээж шаардлагатай. Цаг хугацаа нэлээн орох ч заавал хийх ёстой ажлын нэг гэж үүнийг харж байгаа.

-Төрийн өмчит зарим хувьцаат компанийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлахаар болсон. Энэ хүрээнд “Монгол шуудан” компанийн хувьчлал амжилттай хийгдэж, салхийг хагалсан. Энэ санаачилга цаашид хэвийн үргэлжлэх үү?

-“Монгол Шуудан” хувьцаат компани бол сайн жишээний нэг. Хөрөнгийн биржээр дамжуулж төрийн өмчит зарим хувьцаат компанийн хувьчлал хийгдэх ёстой. Энэ нь хамгийн эрүүл бөгөөд хөрөнгийн зах зээлээ дэмжсэн, нээлттэй, ил тод талбар. Гэхдээ өмчөө хөрөнгийн биржээр дамжуулах хувьчлах, эсэхээ төр мэдэх учраас шууд хэлж мэдэхгүй байна. Манай улсын хөрөнгийн зах зээлийн чадавх, нөөц боломж асар их байгаа. Тиймээс хөгжиж буй зах зээлээ дэмжих үүднээс өмч хувьчлалыг үргэлжлүүлэх нь илүү оновчтой шийдэл байх болов уу.

-Энгийн арилжаа хийх нөхцөлийг сайжруулах, багцын арилжааны журмыг өөрчлөх шаардлагатайг зах зээлийн зарим оролцогч хөндөж байсан. Харин таны байр суурь юу вэ?

-Хөрөнгийн биржийг товчлоод хэлбэл, үйлчилгээний байгууллага. Тиймээс бидний зүгээс зах зээлийн эдгээр асуудалд илүү нээлттэй хандана. Аль болох зах зээлийг хөгжүүлэх, сайжруулах ажил хийнэ. Хөрөнгийн бирж бол өөрийгөө зохицуулах байгууллага. Тэгэхээр гишүүн байгууллага болон зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, тэдний санаачилгыг бүх талаар боломжит түвшинд дэмжинэ. Үүнийгээ ч илэрхийлж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос Хөрөнгийн биржийг өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэснээр санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үүсмэл санхүүгийн хэрэгслийг нэвтрүүлэх боломж илүү нээлттэй болсон.

-Хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлж, энэ чиглэлийн боловсролыг дээшлүүлэхэд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Иргэдийн санхүүгийн боловсролд анхаарч ажиллана. Энэ хүрээнд Хөрөнгийн бирж сургалт, сурталчилгааг идэвхжүүлж, иргэдэд илүү ойр байхаар зорьж байна. Ялангуяа хөрөнгө оруулагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээлийн ач холбогдлыг таниулах ажлыг эрчимжүүлэх тал дээр дэвшил гаргах хэрэгцээ, шаардлага байгаа. Үүнийг мэргэжлийн холбоо, гишүүн байгууллагуудтайгаа хамтарч зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хөрөнгийн зах зээлийн талаарх олон нийтийн дунд байгаа сөрөг мэдээллийг эерэг түүхээр солих, зах зээлийн ач тусыг нийгэмд илүү танин мэдүүлэх нь чухал. Үүний эхлэл болгож энэ долоогийн сүүлчээр хөрөнгийн зах зээлийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ өдөрлөгийн арга хэмжээг уламжлал болгож зохион байгуулна. Бид зах зээлийн оролцогчдыг бойжуулах, тэдэнд мэдээлэл өгөх нь манай хийх ажлын нэг юм. Өнгөрсөн хугацаанд зах зээлийн талаарх иргэдийн ойлголтыг дээшлүүлэх сургалт, сурталчилгаа орхигдсон тал бий.

-Хөрөнгийн бирж бүртгэлтэй хувьцаат компаниудын засаглалыг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллах вэ. Шалгуурыг өндөрсгөх үү?

-Компанийн засаглалыг бэхжүүлж, сайжруулах асуудлыг орхиж болохгүй л дээ. Гэхдээ манай хөрөнгийн зах зээлийн хувьд эдийн засгийн хөшүүрэг нь байж засаглалаа сайжруулах нөхцөл, боломж компаниудад илүү бүрдэх юм. Зах зээлээс илүү их хөрөнгө босгож ажиллаж чадахгүй бол тухайн компани засаглалаа сайжруулахад нь хүндрэл гарч байх жишээтэй. Мэдээж засаглал сайн байснаар хөрөнгө оруулалт татах боломж улам нэмэгдэнэ. Бидний зүгээс өмнө нь тавигдаж ирсэн шаардлага, стандартыг хууль, журмынх нь дагуу урьдын адил мөрдөнө.

-Хөрөнгийн биржид хөрөнгө оруулагчдын хүсэл, сонирхолд нийцсэн шинэ бүтээгдэхүүн хомс байгаа нь нууц биш ээ. Засгийн газрын үнэт цаас, компаниудын хувьцааг эс тооцвол үүнээс өөр бүтээгдэхүүн одоогоор бараг л алга байна. Шинэ бүтээгдэхүүнийг бий болгоход бирж хэрхэн анхаарах вэ?

-Тантай санал нэг байна. Санхүүгийн зохицуулах хороо биржийг өөрийгөө зохицуулах байгууллага болгосон. Энэ бол бидэнд олгосон маш том илтгэл. Бирж өөрийн эрх, үүргийнхээ хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллана. Хөрөнгө оруулах боломжит, өгөөж өндөртэй, өртөг багатай зах зээлийг бүрдүүлж, хөрөнгө оруулалт татах таатай бирж болсноор энэ зах зээлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ нэмэгдэх юм. Ингэснээр эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулна. Энэ утгаараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх нь тэргүүн зорилт байх болно.

-Зах зээлийн итгэлцлийг сэргээж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах, ил тод байхад нээлттэй байдал чухал. Энэ зарчим хэр хангагдаж байгаа вэ?

-Тийм ээ. Хөрөнгийн зах зээл ил тод байдаг. Энэ нь тодорхой хэмжээний итгэлцэл дээр суурилдаг. Манай бирж хувьчлал хийх зорилгоор байгуулагдаж байсан үүргээ бол биелүүлсэн. Харин бусад бизнесийн компани, аж ахуйн нэгж хөрөнгийн эх үүсвэр татахад нь одоо туслах учиртай. Улмаар шинэ түвшинд гарч ажиллах цаг ирсэн. Чиг үүрэг нь угтаа энэ. Хөрөнгийн зах зээл нь хөрөнгө оруулагчид хүссэн үедээ оролцож, хүссэн цагтаа гарч явах боломжийг олгодог нээлттэй, ил тод байдгаараа ялгардаг.

-Таныг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар дөрвөн жилийн өмнө ажиллаж байхад эдийн засаг тэлж байсан. Харин өнөөдөр эдийн засаг агшиж байна. Ирэх дөрвөн жилд биржийн хөгжлийг хэрхэн зураглаж байна вэ?

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөндлөнгөөс буюу зах зээлд ажиглагчийн хувиар оролцлоо. Хөрөнгө босгох нь хөрөнгийн зах зээлийн зорилго гэж би байнга тэмдэглэж байгааг та анзаарсан байх. Үүнийг бодит ажил болгож, иргэдийн амьдралд ойртуулах хүсэлтэй байна. Тиймээс энэ зах зээлийг илүү хүнд өгөөжтэй байлгах, хямд зардлаар хөрөнгө татах боломж, бололцоог бүрдүүлэхэд анхаарна. Энэ нь өөрөө хөгжиж буйн илрэл. Хөрөнгийн зах зээл санхүүгийн эх үүсвэр татах төв.

Банкуудын зүгээс ч гэсэн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх сонирхол их байна. Энэ нь зах зээл хөгжихөд томоохон хөшүүрэг болох нь дамжиггүй. Дунд хугацаанд банкуудын зээлийн хүүг бууруулахад хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэх үүрэг их. Хөрөнгө оруулалтын банк хөгжих гол суурь нь хөрөнгийн бирж байдаг. Мэргэжлийн хөрөнгө оруулагч энэ зах зээлд дутагдаж байна. Энэ болгоныг бий болгож, шинэ түвшинд гарах нь чухал байгаа. Мөн санхүүгийн зах зээл дээрх хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулахад дор бүрнээ анхаарах учиртай.

-Таныг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар өмнө нь ажиллаж байхад биржийг хувьчлах тухай асуудал гарч л байсан. Ер нь биржийн хувьчлалыг яаж явуулвал хамгийн зөв алхам болж чадах вэ?

-Хөрөнгийн биржийг биржээр нь дамжуулж хувьцаа гаргах замаар өмч хувьчлалыг нь зохион байгуулвал шударга бөгөөд ил тод, нээлттэй байх болно гэж үзэж байна. Зах зээлд оролцогчид биржийг захиргааны байгууллага гэж хараад байдаг. Ер нь бол хувьчлал явагдах байгууллагын нэг. Энэ байгууллага төрд байхаас илүү хувьд шилжих нь зарчмын хувьд зохистой. Энэ нь Алтай хувьчилж авах гээд байна гэсэн үг биш юм. Дэлхийн нийтийн жишээ, туршлага, туулсан зам ийм.

-Иргэдийн хөрөнгийн зах зээл дэх оролцоо нэмэгдэж байна уу?

-Эдийн засаг агшсан, иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл тааруу байгаа нь энэ байдалд нөлөөлж байна. Мөн иргэдийн анхаарлыг татах хэмжээний бүтээгдэхүүн зах зээлд ховор байгаа нь оролцоо тааруу байхад хүргэж байгаа тал бий. Хөрвөх чадвартай бүтээгдэхүүнийг бий болгох нь чухал байгаа.

-Төрөөс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тодорхой бодлого алга гэж зарим судлаач хэлдэг. Ийм нөхцөлд зах зээл хөгжих бололцоо бий юү?

-Төр, засаг гэхээс илүүтэй зах зээл дээр төвлөрч ажиллаж байгаа, зохицуулалт хийж буй Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаас, төлбөр тооцооны байгууллагын өөрсдийнх нь санаачилга илүү чухал байна. Зах зээлийн бүтээгдэхүүнд уян хатан хандах, цаг хугацааны хувьд үйлчилгээний чанарыг улам сайжруулах шаардлага бий. Хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн. Үүнийгээ 100 хувь ашиглаж, үр дүнг хүртэх ёстой. Төрийн өмчийн хувьчлалыг хөрөнгийн биржээр дамжуулж явуулах бодлогыг тууштай баримтлах нь чухал. Энэ нь бодлогын дэмжлэг болно. Сайжруулах, засах зүйл мэдээж байгаа. Үүнийг үгүйсгэхгүй.

-Хувьцааны хэт төвлөрлийг хэрхэн задлах боломж байна вэ?

-Үүнийг захиргааны аргаар шууд шийдэх боломжгүй. Зах зээлийн байдлаас ихээхэн шалтгаална. Хөрвөх чадвартай бүтээгдэхүүн хэрэгтэй байгааг хэлсэн. Хувьцаагаа зах зээлд нээлттэй арилжаалж, хөрөнгө босгож байвал энэ байдал дунд хугацаанд өөрчлөгдөнө. Зах зээлд эргэлдэж байгаа мөнгөний урсгалтай ч нэг талаар энэ нь холбоотой. Зах зээл дээрээс хөрөнгө босгох боломжтой байвал төвлөрөл аажмаар саарна.

-Эдийн засгийн байдлын талаар мэдээ, мэдээлэл хангалттай гарч байгаа. Нөхцөл байдал энэ хэвээр байнга үргэлжлэхгүй нь лавтай. Тэгэхээр хөрөнгийн зах зээлд ямар боломж, бололцоо харагдаж байна вэ?

-Монголд санхүүгийн эх үүсвэрийн өртөг өндөртэй байдаг. Энэ байдлаас болж компаниудад өрийн дарамтад ордог. Үүнээс гарах гарцын нэг нь хөрөнгийн зах зээл. Хөгжиж буй хөрөнгийн зах зээлд компанийн бонд болон хувьцаа гаргаж нэмэлт хөрөнгө оруулалт татах боломж нээлттэй байна. Тухайлбал, “Мик холдинг” компани нэг сарын дотор 37 тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон түүх хуучраагүй. Энэ бол бодит жишээ. Дотоодын хөрөнгийн захаас мөнгө босгох боломжтойг энэ компаниас харж болох юм. Хэдийгээр эдийн засгийн агшиж, мөнгөний эргэлт удааширч байгаа ч алс хэтдээ үр ашиг өгөхүйц төсөлд хөрөнгө оруулалт хийх талаараа хаа нэгтээ хөрөнгө оруулагч бодож байгааг таашгүй.

Эдийн засгийн байдал амаргүй байгаа ч дотоодын хөрөнгө оруулагчид идэвхтэй, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна. Хэдийгээр боломж, бололцоо харагдаж байгаа боловч хамгийн гол хүндрэл зах зээлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн индекс алга. Энэ утгаараа гаднын хөрөнгийг өөрийн зах зээлд татаж чадахгүй байна. Төлбөр, тооцооны систем нэн чухал байгаа. Үүнийг дурдаад өнгөрч боломгүй. Бид тодорхой шийдэлд хүрч, энэ байдлаа цэгцлэх хэрэгтэй байна.

-“Монос” болон “Ард санхүүгийн нэгдэл” зэрэг хаалттай хувьцаат компани энэ онд багтаж хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах гэж байна. Томоохон хэмжээний IPO гэж зарим эдийн засагч үүнийг онцолж байгаа. Хөрөнгийн бирж шинэ бүтээгдэхүүнээ хүлээн авахад бэлэн үү?

-Энэ бол зах зээлд маш том эерэг мессежийг бий болгох мэдээлэл. Цөөн үгээр хэлбэл, хөрөнгийн зах зээлийг улам идэвхжүүлэхэд нөлөөлнө. Биржийн зүгээс мэдээж дэмжинэ. Гол нь хөрөнгө оруулагчид үүнд хэр бэлтгэлтэй байгаа нь чухал. Таны нэр дурдсан компаниуд бэлтгэлээ хангаж байгаа байх. Одоогоор бирж дээр энэ талын мэдээлэл албан ёсоор Санхүүгийн зохицуулах хорооноос ирээгүй байна.

-“Хөрөнгийн зах зээл-Хөгжлийн гарц” нэртэй хэлэлцүүлэг маргааш Төрийн ордонд болох гэж байна. Та энэхүү арга хэмжээний ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбоо, манай бирж хамтарч энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа. Хөрөнгийн зах зээлд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, боломж, гарцаа энэ удаад нэлээд нухацтай авч хэлэлцэнэ. Зах зээлийн шинэ бүтээгдэхүүн, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийг улам төгөлдөршүүлэх асуудлыг ч хөндөнө. Манай дотоодын амжилттай яваа компаниуд бусаддаа туршлагаа энэ үеэр хуваалцах юм. Санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалтын сан байгуулахаас эхлээд санхүүжилтийн альтернатив олон арга хэрэгсэл үгүйлэгдэж байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг том зургаар нь энэ удаагийн чуулган хэлэлцэж, тодорхой үр дүнтэй шийдэлд хүрнэ гэж найдаж байгаа. Зах зээлийн оролцогч байгууллагууд нягт хамтран ажиллаж, нэг баг болж ажиллахын эхлэл нь дээрх арга хэмжээ болох юм.

Б. БАЯРТОГТОХ

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин