ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАГШ, СУРАГЧ НАР БИРЖИД ЗОЧИЛЛОО

Бизнес хөгжлийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Н.Отчигин зочдод дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Өнөөдөр /2026.11.27/ Өмнөговь аймгийн ЕБС-ийн Нийгмийн ухааны багш нар болон Санхүүгийн боловсролын клубын сурагчид Монголын хөрөнгийн биржид зочилж, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Танилцуулгын үеэр сурагчид хувьцаа, бондын арилжаа хэрхэн явагддаг, компаниуд биржид хэрхэн бүртгэгддэг, иргэд хөрөнгө оруулагч болох боломжийн талаар мэдлэг олж авлаа. Мөн 1072 хувьцааны талаарх мэдээллийг сонсож, арилжааны танхимд зочлон өдөр тутмын арилжаа хэрхэн явагддагийг биечлэн харж сонирхлоо. Үүнээс гадна цэнхэр, ягаан тасалбарын талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм.
Зохион байгуулагчид төгсөх ангийн сурагчид санхүү, эдийн засгийн салбарыг илүү ойр дотно танин мэдэж, бодит туршлага олж авсан нь тэдний ирээдүйн мэргэжлийн сонголтод эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа бөгөөд мөн олон нийтэд танилцуулан таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан билээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ