MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ, ШАЛГУУР ШААРДЛАГЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-11-11

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж, шалгуур шаардлагыг танилцуулах ээлжит сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

“Монголын хөрөнгийн бирж” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо болон “Юу Эй Эф Ассет Менежмент” ХХК хамтран хөрөнгийн зах зээлээс бизнесийн санхүүжилт татах боломж, шалгуур шаардлагыг танилцуулах ээлжит сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ болон Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн нар нээж, үг хэллээ.

Тус сургалтаар аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж, IPO, бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа, биржийн бүртгэлийн шалгуур, хөнгөлөлт, чөлөөлөлт, санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах зохицуулалт болон практик туршлагын талаар мэдээлэл авлаа.

Сургалтын хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээр үнэт цаасаар санхүүжилт татахад компаниудын хангах шаардлага, урьдчилсан бэлтгэл, санхүүгийн тайлагнал, компанийн засаглал, мэргэжлийн зөвлөх болон андеррайтерийн оролцоо, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахтай холбоотой анхаарах асуудлуудыг хөндөн хэлэлцэв.

Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын мэргэжилтэн С.Анхмөрөн, Өлзий энд Ко Капиталийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр , ЭмДиЭс ХаанЛексийн Партнер Д.Дүгэржав, Юу Эй Эф Ассет Менежментийн Гүйцэтгэх захирал Ж.Онон, Бичил Глобус Финанс ББСБ-ын Хөрөнгө зохицуулалт хариуцсан захирал Я.Адъяахүү болон БиДиӨү Монголиа-ийн Гүйцэтгэх захирал Г.Баянмөнх нарын салбар салбарын мэргэжлийн төлөөллүүд оролцож, үнэт цаас гаргах үйл ажиллагааны үе шат, шаардлагатай бэлтгэл болон практикт анхаарах асуудлаар санал солилцлоо.

Хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах нь аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх, хөрөнгө оруулагчдын хүрээг тэлэх, компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах, бизнесийн өсөлтийг дэмжих боломжийг бүрдүүлдэг ач холбогдолтой.

Монголын хөрөнгийн бирж нь цаашид аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг таниулах, зах зээлийн мэдлэг, мэдээллийн хүртээмжийг өргөжүүлэх чиглэлээр сургалт, мэдээллийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Хөрөнгийн зах зээлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх нь бизнесүүдэд санхүүжилтийн шинэ боломж нээхээс гадна Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжил, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

DSC00602.JPG

“Монголын хөрөнгийн бирж” ХК

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ, ШАЛГУУР ШААРДЛАГЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА · Монголын Хөрөнгийн Бирж