MSE
Бусад мэдээ
Үйл явдал

ХАДГАЛАМЖИЙН БИЧИГ: ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖ СЭДЭВТ ТАНИЛЦУУЛГА, СУРГАЛТ БОЛЛОО

2026-10-09

Дотоодын үнэт цаас гаргагчид болон хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдэд олон улсын зах зээлийн боломж, практик туршлагатай танилцах, мэргэжлийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Монголын үнэт цаас гаргагчдад зориулсан олон улсын хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломж, олон улсын биржийн бүртгэл болон хадгаламжийн бичгийн талаар мэдээлэл, туршлага солилцох “International Listing & Depositary Receipts – Opportunities for Mongolian Issuers in Global Capital Markets” арга хэмжээ Монголын хөрөнгийн биржид боллоо.

Арга хэмжээнд олон улсын хөрөнгийн зах зээлд гарах сонирхолтой компани, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл болон хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд оролцож, Монголын үнэт цаас гаргагчдад олон улсын зах зээлд нэвтрэх боломж, шаардлага, хадгаламжийн бичгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.

Хэлэлцүүлэгт олон улсын санхүүгийн үйлчилгээний BNY байгууллагын хадгаламжийн бичиг хариуцсан захирал Крейг Дуглас (Craig Douglas), хадгаламжийн бичиг хариуцсан дэд ерөнхийлөгч Сергей Никитенко (Sergey Nikitenko), Хойд Америкийн банкууд хариуцсан харилцагчийн менежер, дэд ерөнхийлөгч Н.Содонтуяа нар олон улсын зах зээлд гарах боломж, хадгаламжийн бичгийн бүтэц, онцлогийн талаар танилцууллаа.

Хадгаламжийн бичиг нь нэг улсын компанийн үнэт цаасанд суурилан өөр улсын хөрөнгийн зах зээлд арилжаалах боломж бүрдүүлдэг санхүүгийн хэрэгсэл бөгөөд компанийн хөрөнгө оруулагчдын хүрээг өргөжүүлэх, олон улсын хөрөнгө татах боломжийг нэмэгдүүлэх нэг хэлбэр юм.

Хэлэлцүүлгийн үеэр Монголын үнэт цаас гаргагчдын хувьд олон улсын биржид шууд бүртгүүлэх болон хадгаламжийн бичгээр дамжуулан олон улсын хөрөнгө оруулагчдад хүрэх боломж, тэдгээрийн онцлог, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар санал солилцсон. Түүнчлэн олон улсын зах зээлд гарахад компанийн засаглал, санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод байдал болон олон улсын зохицуулалтын шаардлагыг хангах бэлтгэл чухал болохыг онцоллоо.

Тус арга хэмжээг Монголын Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэг (MSFA) зохион байгуулж, “Монголын хөрөнгийн бирж” ХК хамтран ажилласан бөгөөд “М Банк”, “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК ивээн тэтгэн дэмжлээ.

Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлтэй уялдуулах, дотоодын компаниудын олон улсын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжиж байна. Тухайлбал, Лондонгийн хөрөнгийн бирж групп (LSEG), “Монголын хөрөнгийн бирж” ХК болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК хамтран “Монголын хөрөнгийн зах зээл 2.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрийн нэг үндсэн чиглэл нь Монголын тэргүүлэх компаниудын давхар бүртгэл болон олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх юм.

Энэ хүрээнд тус арга хэмжээ нь Монголын үнэт цаас гаргагчид болон хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдэд олон улсын зах зээлийн боломж, практик туршлагатай танилцах, мэргэжлийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох ач холбогдолтой боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#event