MSE
Бусад мэдээ
Үйл явдал

“АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-08

Нийт хөрөнгө 73.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 12.6 тэрбум төгрөгөөр буюу 21 хувиар өсчээ.

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн бүртгэлтэй хувьцаат компаниуд хагас жилийн тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулах үйл ажиллагаанд "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Санхүү эрхэлсэн захирал Б.Золбоо нар 2019 оны 8 сарын 8-ны өдөр оролцлоо.

Тайлант хугацаанд "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК нь 7.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь тус компанийн хувьд хамгийн их ашигтай ажилласан үзүүлэлттэй хагас жил болсон байна. 2018 онд 6 компанид шинээр хөрөнгө оруулалт хийснээр тайлант хугацааны эцэст тус нэгдлийн хөрөнгө оруулалттай компанийн тоо 15-д хүрсэн байна.

  • Нийт хөрөнгийн хэмжээ 73.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.6 тэрбум төгрөгөөр буюу 21 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд "Ард Кредит ББСБ" ХК-ийн IPO голлох нөлөөг үзүүлж, эзэмшлийн хувийн үнэлгээ нь 10 тэрбум төгрөгөөр өссөн байна.

  • Хөрөнгө оруулалтын орлого өссөнөөр хагас жилийн байдлаар 7.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

  • Ард Апп-ыг олон нийтэд танилцуулснаар тус аппликейшнийг хэрэглэгчдийн тоо 140 мянгад хүрсэн бөгөөд Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг аппликейшнд бүрэн оруулахаар ажиллаж байна.

  • Хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах "Ард Менежмент" ХХК-ийн хүсэлтийг СЗХ-оос зөвшөөрсний дагуу энэ оны хоёрдугаар хагаст "Үндэсний Хувьчлалын Сан"-г үүсгэн байгуулж, олон нийтээс хөрөнгө төвлөрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү сан үүсгэн байгуулагдсанаар Монголд олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх анхны хөрөнгө оруулалтын сан болох юм.

“Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ