Арилжаанд хэрхэн оролцох вэ?
Хөрөнгийн зах зээлд оролцохын өмнө үнэт цаасны данстай эсэхээ шалгаж, арилжаанд оролцох нөхцөл, холбогдох шимтгэл, эрсдэлийн талаар мэдээлэлтэй байх нь чухал.
1. Үнэт цаасны данстай эсэхээ шалгах
Та үнэт цаасны данстай эсэх, ямар үнэт цаасны компанид данстайгаа дараах аргаар шалгах боломжтой.
E-Mongolia аппликейшн: Үнэт цаасны үйлчилгээний хэсгээс өөрийн эзэмшиж буй хувьцааны мэдээлэл болон үнэт цаасны дансны мэдээллийг шалгах.
Мессежээр: Гар утаснаасаа 158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр бичиж илгээх замаар үнэт цаасны данс нээлгэсэн компанийн мэдээллийг авах.
2. Үнэт цаасны данс нээлгэх
Хөрөнгийн биржийн арилжаанд оролцохын тулд та тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компани /брокер/-д хандаж, үнэт цаасны болон төлбөр тооцооны дансаа нээлгэнэ.
Үнэт цаасны компаниудын үйлчилгээний нөхцөл харилцан адилгүй байж болох тул данс нээлгэхээс өмнө дараах мэдээллийг харьцуулан судлахыг зөвлөж байна.
Үйлчилгээний шимтгэл, хураамж;
Арилжаанд цахимаар оролцох боломж;
Харилцагчид үзүүлэх үйлчилгээ, мэдээллийн хүртээмж;
Судалгаа, шинжилгээ болон зөвлөгөөний үйлчилгээ;
Данс нээх, ашиглахтай холбоотой бусад нөхцөл.
Үнэт цаасны компаниудын үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрлөөс хамааран үзүүлэх үйлчилгээ нь ялгаатай байдаг. Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа, мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж болно.
Үнэт цаасны компаниудын мэдээлэлтэй эндээс танилцана уу.
3. Арилжааны захиалга өгөх
Үнэт цаас худалдан авах, худалдахдаа та өөрийн брокерын компаниар дамжуулан арилжааны захиалга өгнө.
Үнэт цаас худалдан авах захиалга өгөхдөө тухайн үнэт цаасыг худалдан авахад шаардагдах мөнгөн хөрөнгө болон холбогдох шимтгэлийг дансандаа байршуулсан байна.
Захиалгад худалдан авах үнэт цаасны төрөл, тоо хэмжээ, үнэ зэрэг мэдээллийг тусгана. Брокер таны захиалгыг хөрөнгийн биржийн арилжааны системд оруулна.
Таны захиалга эсрэг талын захиалгатай үнэ болон тоо хэмжээний нөхцөлөөр нийцсэн тохиолдолд хэлцэл хийгдэнэ. Нийцэх захиалга байхгүй бол захиалга арилжааны системд биелэгдэх хүртэл эсвэл хүчинтэй хугацаа дуусах хүртэл хүлээгдэж болно.
Захиалга биелэгдэх нөхцөл, түүний хүчинтэй хугацаа болон цуцлах боломжийн талаар брокерын компаниасаа урьдчилан тодруулна уу.
4. Хөрөнгө оруулалтын багц болон эрсдэлийг ойлгох
Хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлэхдээ эрсдэл болон өгөөжийн боломжийг харгалзан үзэх нь чухал. Нэг компанийн эсвэл нэг төрлийн үнэт цаасанд хөрөнгө оруулалтаа төвлөрүүлэх нь тухайн үнэт цаасны үнэ цэнэ буурах үед алдагдал хүлээх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.
Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа дараах зүйлсийг анхаараарай.
Өөрийн санхүүгийн боломж, зорилго болон хөрөнгө оруулалтын хугацааг харгалзан үзэх;
Худалдан авах гэж буй үнэт цаас, компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээллийг судлах;
Хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурах, алдагдал хүлээх эрсдэлийг ойлгох;
Өмнөх өгөөж нь ирээдүйн өгөөжийг баталгаажуулахгүй гэдгийг анхаарах;
Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн зөвлөгөө авах.
Хөрөнгө оруулалт нь эрсдэлтэй бөгөөд өгөөж баталгаатай биш юм. Хөрөнгө оруулалтын шийдвэрийг өөрийн нөхцөл байдал, эрсдэл даах чадварт нийцүүлэн гаргана уу.
5. Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх
Хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хөрөнгө оруулалтын талаар мэдлэг, мэдээлэл авахыг хүсвэл дараах сургалтын эх сурвалжуудтай танилцана уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээний нөхцөл болон мэргэжлийн зөвлөгөөг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаас авах боломжтой.
Анхааруулга: Энэхүү мэдээлэл нь хөрөнгийн зах зээлийн талаарх ерөнхий мэдлэг олгох зорилготой бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөгөө, тодорхой үнэт цаас худалдан авах, худалдах санал, зөвлөмж биш болно. Хөрөнгө оруулалтын шийдвэр бүр эрсдэл дагуулдаг бөгөөд хөрөнгө оруулагч өөрийн шийдвэр, үр дагаврыг хариуцна.