• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

”АНГЛИЧУУДЫГ ХАРДАХ ХЭРЭГГҮЙ 14 САЯ АМ.ДОЛЛАРЫГ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛД ЗОРИУЛЖ БАЙГАА”

2012-04-29 22:56:47
“Ньюком” группийн гүйцэтгэх захирал, Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Болдтой  уулзаж ярилцлаа.

Монголын хөрөнгийн биржийн удирлагыг Лондонгийн хөрөнгийн биржид шилжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Англичууд энэ хугацаанд ямар ажил хийв. Яг ямар шинэчлэл Мон¬голын хөрөнгийн зах зээлд өрнөж байна?
               
Би Монголын хөрөнгийн биржийн өдөр тутмын үйл ажиллагаанд байнга оролцоод байдаггүй. Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн даргын хувьд Лондонгийн хөрөнгийн биржийн менежментийн багийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Монголын хөрөнгийн биржийн удирдлагыг англичууд гартаа аваад ерөнхийдөө зургаан сарын нүүрийг үзэж байна. 

Зургаан сар гэдэг бага хугацаа. Нэг үгээр бол манай хөрөнгийн зах зээлд англичууд барилга барьж өгч байна гэсэн үг. Барилга барихын тулд эхлээд хундаамыг нь сайн барих хэрэгтэй.  Суурь муутай барилга баривал хэдэн жилийн дараа хүчтэйхэн шиг салхи үлээвэл нурах аюултай шүү дээ. Өнө удаан жилд  чанартай, тохитой байранд амьдрахын тулд эхлээд хундаамыг нь сайн цутгадаг шүү дээ. Англичууд өнгөрсөн зургаан сарын хугацаанд гараа хумхиад зүгээр суусан юм биш. Юуг нь хаанаас нь эхлэх вэ, шинэчлэх вэ, юу, юуг өөрчлөх вэ гэдэг дээр анхаарал тавьж ажиллаж байна. 

Хүмүүс ярьдаг л даа. 14 сая ам.доллар төлөөд англичуудыг ажиллуулах хэрэг байна уу гэж.  Гадаадын багийг өндөр хөлстэй ажиллуулаад үр дүнгүй үлдвэл яах вэ гэсэн эмзэглэл байдаг  юм шиг байна?

Монголчуудад нэг муухай зан байдаг. Нэг нь юм хийх гэхээр хардаж сэрдээд л. Одоо больё л доо, бүгдээрээ. Шинээр сэтгэж, шинэ сайхан бүхэнд тэмүүлье. Алийн болгон тэр идчихвий, хумсалчихвий гэж айх юм бэ.  Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг шинэчлэхэд зориулж Лондонгийн хөрөнгийн биржийн багт 14 сая ам.доллар төлж байгаа нь үнэн. Гэхдээ энэ 14 сая ам.долларын бараг 11 сая ам.доллар нь нийтдээ хөрөнгийн шинэчлэлд зориулагдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнд  дэлхийн хамгийн хурдан арилжааны компьютер системийг англичууд суурилуулж  байгаа юм.  Энэ нь  Лондонгийн болон Хонгконгийн биржүүд ашигладаг арилжааны сүлжээ систем.  
       
Зарим хүмүүс хэсэг англи нөхөд Монголд ирээд өндөр цалин хүртээд баяжих нь гэж ойлгоод байх шиг. Үгүй ээ, тийм биш. Монголд ноу-хаугаа өгөөч, үлдээгээч л гэж байгаа юм. Лондонгийн багт өгсөн 14 сая ам.долларын зөвхөн гурван сая ам.доллар нь цалинг хөлс, урамшуулалд зарцуулагдаж байгаа. Лондондоо өндөр цалинтай тэдэнд энэ тийм ч их мөнгө биш. Харин ч Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Монголд элэгтэй хүн байж таарсан олз болсон. Тэгээгүй бол тэд Монголд орж ирэхгүй байсан. Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал нь их сонин хоббитой нөхөр юм билээ. Мотоспортод дуртай. Тэгж яваад л Монголд нэг ирсэн. Тэгээд л Монголын унаган байгальд дурласан юм билээ. Тэр хүн л  Монголд туслах гэж багаа наашаа илгээсэн хэрэг. 

Лондонгийн хөрөнгийн бирж тэгээд Монголын хөрөнгийн биржид ямар систем суурилуулж байгаа юм бэ?

Манай хөрөнгийн биржийн арилжааны сүлжээ систем аль эрт үеэ өнгөрөөсөн эд шүү дээ. Одоогийн Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал  Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал байх үедээ оруулж ирсэн юм билээ. 1992 бил үү, 1993 онд. Энэ системийг Монголын хөрөнгийн бирж 18 жил ашигласан. 18 жилийн хугацаанд битгий хэл нэг хоёрхон жилийн дотор техник технологи хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа хэн хэнгүй мэднэ байх.  IPod, Ipone бүү хэл гар утас байдаггүй байлаа.  Гэтэл хөрөнгийн бирж 18 жил IT сүлжээндээ ямарч өөрчлөлт оруулаагүй байсан. Өнөөдөр  тэгээд 11 сая ам.долларыг шинэчлэл хийх гэхээр энэ мөнгийг Лондонгийн хөрөнгийн бирж аваад идчихсэн юм шиг яриад байх юм.  
         
Энэ тун бага мөнгө шүү дээ. Гэтэл ямар хэрэггүй зүйлд ямар их мөнгө зарцуулж байгаа та бүхэн мэдэж байгаа биз. Тухайлбал, эх орны хишиг нэрээр иргэн бүхэнд сар бүр олгож байгаа 21 мянган төгрөг байна. Улаанбаатар хотын уулзварууд дээр тавьсан камеруудын өртөг, ноосоо тушаалаа гээд малчдад өгч байгаа 50 тэрбумын дэргэд 14 сая ам.доллар гэхэд нөгөө иймхэн жижиг гэгчээр бага мөнгө.  Жижигхэн тоо.  Гэтэл хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх нь  Монголд ямар хэрэгтэйг байгааг бод.  
 
Монгол Улсын жилийн төсөв  өдгөө зургаан их наяд төгрөгөөр хэмжигдэх болсон,  эдийн засгийн хувьд бие даасан, өөрийгөө санхүүгийн хувьд авч явах чадвартай болчихсон  учраас  14  сая доллар харин ч чамлалттай мөнгө. Тэгээд ч гадаадын мэргэжилтэнд өндөр цалингаар ажиллуулах нь нэг их сонин биш болчихсон шүү дээ. Тэдний туршлага, мэдлэг, ноу-хау-г нь авч үлдэх л чухал.

Дээрх системийг суурилуулснаар монголчууд ажлынхаа байр, гэртээ гээд дуртай газраасаа олон улсын биржүүд дээр арилжаа хийх бололцоотой болж байгаа юм.  Лондонгийн биржийн энэхүү шинэчлэл Монголын залуусыг гадаадад гаргах, мэдлэг чадвартай болгох гүүр болж байна. Монголын хөрөнгийн биржид  Millenium IT компанийн технологийг суурилуулж байгаа. За, тэгээд Лондонгийн баг зөвхөн системийн шинэчлэл хийж байгаа юм биш.

Тухайлбал? 

Дээрх системийг хэрхэн ашиглах талаарх сургалтыг Сангийн яам, шүүх цагдаа, брокер диллерийн компаниудын ажилчдад олгосон. Мөн 50 монгол залууг Англид явуулж, Лондонгийн биржийн үйл ажиллагааг танилцуулсан. Түүнчлэн Үнэт цаасны зах зээлийн хуулийг боловсруулж байна.

Үнэт цаасны зах зээлийн хууль боловсруулж байгаа гэлээ. Уг хуулийн төсөлд юу тусгаж байгаа вэ. Ийм төсөл боловсруулах зайлшгүй шаардлагатай байсан гэж үү?

Монголын хөрөнгийн биржид өөрчлөлт, шинэчлэлт хийе гэвэл зөвхөн үйл ажиллагаанд нь шинэ систем суурилуулах биш хууль эрх зүйн орчинг нь бий болгох шаардлагатай байгаа юм.  Тиймээс Үнэт цаасны зах зээлийн хуулийн төслийг боловсруулж ирэх намрын чуулганд өргөн барихаар бэлтгэж байна. УИХ-аас хуулийн төслийг хурдан шуурхай баталж өгөх байх гэдэгт итгэлтэй байгаа. Уг төслийг  боловсруулахын тулд Лондонгийн менежментийн баг 30 мянган ам.доллараар гадаадаас хуульч хөлсөлж авсан.  

Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгийн зах зээлд үнэт цаасаа гаргасан Монголын компаниудыг яаж Монголын  хөрөнгийн зах зээл рүү татах  вэ, үүний тулд ямар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх вэ гэдэг дээр заавар, зөвлөгөө авч хуулийн төсөл боловсруулсан хэрэг.  Канад, Хонгконг, Австрали, Лондонгийн үнэт цаасны тухай хуулийг судалсан.  Учир нь эдгээр улсын хөрөнгийн биржүүд дээр Монголд үйл ажиллагааг явуулдаг, Монголын компаниуд хувьцаагаа гаргасан байгаа. Тэр бүхнийг наашаа Монгол руугаагаа татахын тулд ямар эрхзүйн шинэчлэлт өөрчлөлт хийх хэрэгтэй вэ гэдгийг судалсан.  Уг хуулийн төсөл үүнд чиглэгдэж байгаа юм. Тендерээ яаж зарлах, давуу эрхийн хувьцаа гаргах юм уу, эсвэл энгийн үү гэх мэтчилэнгээр маш нарийн асуудлыг хуулийн төсөлд тусгасан.  

Үнэт цаасны тухай хуульд брокер диллерийн компаниудын үйл ажиллагааг тусгасан уу. Брокер диллерийн компаниуд хүний хувьцааг дур мэдэн зарсан тохиолдол цөөнгүй гарсан болохоор ингэж асууж байна л даа. Хүний хувьцааг эзнээс нь асуулгүй зарсан тохиолдод тэр компанид ямар хариуцлага тооцох вэ?

Монголын хөрөнгийн зах зээлийн дотоод журам дээр  ажиллаж байгаа.  Нэлээд олон зүйлийг хийх, өөрчлөх  шаардлагатай байгаа. Брокер диллерийн компанид ажиллаж байгаа нөхөр  тодорхой хэмжээний стандарт хангасан байх ёстой. Наад зах нь ёс суртахуунтай байх хэрэгтэй. Хүний мөнгөн дээр арилжаа хийж байгаа нөхөр  мөнгийг нь хулгайлаад байх юм бол энэ салбар руу хүмүүс орж ирэхгүй. Хөрөнгийн зах зээл хөгжихгүй байх болно. Тиймээс ёс суртахуун гэж юу юм гэдгийг анхнаас нь зааж өгөх хэрэгтэй байна.  

Хоёрдугаарт нь брокер диллерийн компаниудын хөрөнгийн  чадварыг  сайжруулах ёстой.  Хөрөнгө санхүүгийн чадвар нь ямар байх ёстой гэдэг босго оноо тавих хэрэгтэй юм шиг байна. Гэхдээ бас хэтэрхий өндөр босго оноо тавьчихвал арван хэдэн жил брокер диллерийн ажил эрхэлж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн төлөө мэдлэг оюунаа зарцуулж яваа залуусаа бас үргээчих аюултай. Гэх мэтчилэнгээр олон асуудлыг олон талаас нь  гаргах шаардлагатай байна.  Харин хүний хувьцааг дур мэдэн зарцуулсан тохиолдол энэ нь залилангийн хэрэг болно. Үүнийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх ёстой. Эрүүгийн хуульд ч үнэт цаасны асуудлыг тусгах хэрэгтэй болсон юм шиг. Гэхдээ энэ бол зөвхөн миний л бодол шүү.  

Монголын компаниуд өөрийнхөө хөрөнгийн зах зээлд гэхээсээ гадаадын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж зарах сонирхолтой болсон байна.  Сүүлийн нэг хоёр жилийн дотор Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн компани ховорхон байна лээ. Харин Монголд үйл ажиллагаа  явуулдаг гадаадын хөрөнгө оруулагчид, Монголын үндэсний компани олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа нэлээд гаргасан байсан?

Энэ жил тав зургаан компани  Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа гаргахаар өргөлдөө өгснийг нь хүлээж авсан. Одоо бас  хоёр гурван компани үнэт цаасаа  Монголын хөрөнгийн бирж дээр бүртгүүлэх өргөдөл өгсөн байна лээ. Монголын хөрөнгийн биржийн системийг шинэчилснээр компаниудын хандлагад өөрчлөлт гарах байх гэдэгт найдаж байгаа.  Ямарч байсан ирэх жилээс эхлэн Монголын хөрөнгийн бирж дээр үнэт цаасаа гаргах компанийн тоо эрс өсөх байх.  

Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд Монголын төрийн өмчит компаниуд хувьцаагаа Монголын хөрөнгийн бирж дээр гаргах шаардлагатай байна. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр байна. Хувьцаагаа гаргасан тохиолдолд хүссэн хүсээгүй үйл ажиллагаа нь нээлттэй болно. Тендерүүд нь олны нүдэнд ил болно. Олон нийтийн хардлага сэрдлэг нь ил болно. Үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа олон нийтэд тавьдаг болно гэдээ олон талын ашигтай.  Үнэт цаасны тухайд ярих бас нэг зүйл бол килирингийн болон төлбөр тооцооны асуудал. 

Монголын  хөрөнгийн бирж ,Үнэт цаасны төлбөр тооцооны хадгаламжийн төв  нь нэг үгээр хэлбэл айлын ах дүү хоёр.  Ах дүү хоёрт сайдах нэг өдөр байхад муудах нэг өдөр гарна аа даа. Үүнийг зохицуулдаг нэг л аав, нэг л ээжтэй баймаар байна. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр байгууллагын ТУЗ нь нэг байх шаардлагатай. Энэ бол миний санал. Өнөөдрийн хувьд хоёр ТУЗ-тай. Гэтэл өнөөдөр төр ахыг тордоод, дүүг  жаахан сульдаатай хэвээр үлдээгээд байх шиг байна л даа. Энэ хоёр баг уг нь нэгдэж ажиллах ёстой. Гэхдээ нэгтгэнэ гэсэн үг биш л дээ.  За, тэгээд үнэт цаасны арилжаатай холбоотой бас нэг асуудал байна. Хувьцаа авах гэж байгаа хүн эхлээд дансандаа мөнгөө байршуулсан байх ёстой. 

Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын стандартад аваачих зорилго тавьж байгаа бол арилжаа хийснээс хэдий хугацаа дараа мөнгө авах ёстой юм гэдгийг ч бас шийдвэрлэж өгөх хэрэгтэй. Олон улсын стандартад арилжаа хийснээс гурван хоногийн дараа төлбөр тооцоо хийнэ гээд заасан байдаг.  Үнэт цаасныхаа асуудлыг тодорхой болгож өгөхгүйгээр Монголын хөрөнгийн зах зээлд гадны хөрөнгө оруулагчийг татна гэсэн ойлголт байхгүй. Барууны нэг том хөрөнгө оруулагч орж ирээд банкин дээр мөнгөө байршуулсан байлаа гэж бодьё.  Манай Монголын  хөрөнгийн зах зээлийн арилжаа их нимгэн учраас хувьцааг нь хамаад эхлэнэ дээ. Тэгэхээр хөрөнгийн зах зээлд худлаа хөөсрөлт явагдаж  савалгаа үүсэх аюултай. Тэгэхээр  Т+3 гэсэн арилжааны системийг  заавал суулгаж өгөх хэрэгтэй байгаа. 

Төлбөр тооцоо хадгаламжийн төв, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо,арилжааны банкууд,  Монголын хөрөнгийн бирж брокер диллерийн компаниудыг оролцуулсан арилжааны системийг байгуулах ёстой. Брокер диллерийн  компани өөрөө эрсдэл хүлээх эдийн засгийн баланстай байх шаардлагатай болж байгаа юм.  Чи бид хоёр арилжаа хийлээ гэхэд би чамд гурван хоногийн дараа мөнгийг чинь өгөхгүй бол яах вэ. Энэ мэт асуудлыг хуулинд тусгаж өгөх ёстой байна. 

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Х.Алтай томилогдлоо. Энэ хүн Монголын хөрөнгийн биржийг хөл дээр нь босгож чадна гэдэгт та итгэлтэй байна уу?

Итгэлтэй байна. Миний дээр дурдсан бүх ажлыг Х.Алтай захирлаар удирдуулсан баг гүйцэтгэж байгаа. Монголын хөрөнгийн биржид сайхан сайхан мэдлэг чадвартай залуучууд ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Х.Алтай байна, Г.Саруул байна.  Өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн, гадаадад ажиллаж байсан залуус өнөөдөр төсвийн багахан цалин аваад Монголын хөрөнгийн биржийг хөл дээр нь босгохоор зүтгэж байгаад талархах ёстой.

Мэдээж, гадаадын баян компаниуд тэдэнд өндөр  цалин амладаг  л байх.  Гэсэн хэдий ч Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр хүчин зүтгэж яваа залуусдаа урам өгөөч гэж хэлмээр байна. Монголчууд урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг шүү дээ. Залуусаа дэмжье, тэдэндээ итгэе л дээ. Яг үнэндээ гадаадын баг ажлаа хийчихээд л яваад өгнө, эд маань үлдэнэ шүү дээ.

Монголын топ индексийн үзүүлэлт сүүлийн өдрүүдэд байнгын бууралттай байгаа. Энэ юунаас болоод байна. Топ индексийн бууралт хэр эдийн засагт хэр нөлөөлөх вэ?

Монголын топ индексийн  нийт чөлөөтэй арилжаалж байгаа хувьцаа нь ердөө таван хувиас хэтэрдэггүй. Яагаад вэ гэвэл ихэнх хувьцаа нь  буюу 70-80 хувь нь тухайн компанийн эзэн, түүний гэр бүлд хадгалагдаж байдаг. Монголын хөрөнгийн биржээр өдөрт 300-400 мянган долларын арилжаа явагдаж  байна. Энэ бол  маш нимгэн арилжаа гэсэн үг. Ийм нимгэн арилжаа хийгддэг учраас топ индексийг нь  амархан унагаад, амархан өсгөөд байгаа юм. Тэгэхээр энэ үзүүлэлтийг Монголын хөрөнгийн биржийн бо-дит индекс гэхэд хэцүү. 

Тиймээс индексийн үзүүлэлтийг хэрхэн тогтоох вэ гэдгийг өөрчилж байгаа.  Нөгөөтэйгүүр Топ-20 индексийн үзүүлэлт Монголын эдийн засгийн үзүүлэлт биш ээ.  Өнөөдөр Монголд бирж дээр хувьцаа гаргаагүй олон том компани байгаа. Тэгэхээр топ индекс буурлаа гээд сандраад байх явдалгүй.